Япончуудыг урт удаан амьдруулдаг “мөнхийн ус”-ны нууц
Судалгаанаас үзэхэд Япончууд дундаж наслалтаараа (85.3) дэлхийг тэргүүлдэг. Хүн бүр урт удаан эрүүл саруул амьдрахыг хүсдэг ч, хэрхэхээ мэдэхгүй явсаар өвчинд нэрвэгдэж, 70 ч хүрэлгүй хорвоог орхидог. Тэгвэл хөгширчихөөд ахиад хэдхэн жил амьдарчих юмсан гэж шаналж суух биш, одооноос, залуу байгаа дээрээ амьдралын хэвшилээ зөв хэмнэлд оруулах хэрэгтэй.
Иймд өнөөдөр та бүхэндээ Япончуудын урт удаан амьдралын нууцыг дэлгэхээр бэлтгээд байна. Энэ нь төрөл бүрийн эм, витамин зэрэгтэй холбоогүй бөгөөд та ердөө өдөр тутмын амьдралаа багахан өөрчлөхөд хангалттай юм.
Япон үндэсний хоол нь эрүүл, тэнцвэртэй байдаг
Японы ердийн хоолны дэглэм нь үр тариа, хүнсний ногооны өндөр агууламжтай. Ургамлын гаралтай хоол хүнсийг тэргүүн зэрэгт тооцно. Ногоо, жимсийг өдөр бүр хэрэглэнэ. Загас, далайн бүтээгдэхүүнийг мөн л өдөр бүр хэрэглэнэ. Япончууд мах бага иднэ. Тахиаг хэрэглэж хэвшчихсэн, харин улаан махыг, жишээлбэл, алдартай сайн чанарын үхрийн махыг зөвхөн баярын ширээнд л хэрэглэнэ.
Олон нэр төрлийн хоолыг жигнэж, чанаж бэлтгэнэ, харин загасыг бараг түүхийгээр нь иддэг. Хуурсан, шарсан хоол бараг хэрэглэдэггүй. Баримталдаг гол зарчмын нэг нь – бүх хоолыг хуучирч муудаагүй шив шинэхэн материалаар бэлтгэнэ. Орц бага. Савх барих нь зооглох хугацааг удаашруулна. Үүний үр дүнд нэг удаагийн хооллолтоор япон хүн европ хүнээс дунджаар 20 хувь бага иддэг.
Гэр бүлтэйгээ ихэнх цагаа өнгөрүүлнэ
Япончууд ахмад настнаа хүндлэх, асарч халамжлах ёс заншилтай. Нэг байшинд хэдэн үеэрээ амьдрах нь хэвийн үзэгдэл бөгөөд ихэвчлэн халуун ам бүлээрээ өнөр өтгөн амьдарч суурьшдаг. Гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно байх нь хүмүүсийг ганцаардал, сэтгэл гутрал зэргээс хол байхад тусалж, урт удаан амьдралын үндэс суурь болдог аж.
Икигай: |Өглөө бүр сэрэх шалтгаантай бай
Икигай гэдэг нь “оршихуйн утга учир” гэсэн утгатай үг. Амьдралд шунан дурлаж, зорилготой амьдрахын утга учрыг илэрхийлэх тус үг нь Японоос гаралтай бөгөөд одоо дэлхий дахинд түгэн дэлгэрч байгаа юм.
Тохоку их сургуулийн эрдэмтэд икигайг мэддэг, үүний утгыг ойлгодог, дагаж мөрддөг хүмүүс илүү урт удаан амьдардаг болохыг онцолжээ. Өдөр хоногийг хий дэмий өнгөрүүлэх биш, өглөө бүр зорилготой сэрж, үдэш бүр унтахдаа өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлсэндээ талархаж амьдрах нь таны насыг уртасгана гэж ойлгож болно.
Цэвэр цэмцгэр байдал, хувийн ариун цэвэр
Япон бол дэлхийн хамгийн “цэвэрч” үндэстнүүдийн нэг гэдгээрээ алдартай. Хаана ч явсан өөрийн тарьсан хогоо цэвэрлэж, өдөрт хэдэн арван удаа гараа угаана. Бохир заваан байдлаас болж үүсэх өвчин цөөнгүй байдаг тул, эсрэгээрээ цэвэр цэмцгэр байх нь багагүй эрсдэл, аюулаас аварч хамгаална гэсэн үг.
Идэвхитэй хөдөлгөөн
Тэд эрүүл хооллоод зогсохгүй идэвхитэй хөдөлгөөн хийхийг чухалчилдаг. Хүн амын дийлэнх хувь нь дугуй унаж, алхаж, ажилдаа нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог. Машин унаад явах хүмүүс тийм ч олон биш бөгөөд ахмад настай хүмүүс өдөр бүр алхаж, эрүүл амьдралын хэвшлийг эрхэмлэдэг байна.