Загварын салбарын хуучинсаг үзлийг өөрчилж, тэсрэлт хийн гарч ирсэн өвөрмөц моделиуд
Загварын тайзан дээр зөвхөн туранхай, царайны зөв төрхтэй охид алхаж, тэднээр л үзэсгэлэн гоо, царайлаг, халуухан гэх үгсийг тодорхойлдог байсан цаг ард хоцорчээ. Зурагтаар гарч, алдар нэр нь цуурайтаж эхэлсэн сайхан галбир, төрхтэй бүсгүйчүүдийг “төгс” хэмээн тодотгоод, таарсан охин бүрийг тэдэнтэй жишин зүйрлэж, адилхан биш байсны төлөө үгийн муухайгаар хэлж гундаана.
Гэхдээ одоо энэ бүхэн дуусгавар болсон. Махлаг, мяраалаг, арьсны асуудалтай, царайны зөв бус төрхтэй гээд бүхий л бүсгүйчүүд маань тайзан дээр алхаж, өөрсдийн алдар нэрээ цуурайтуулах болжээ. Хүмүүсийн толгойд суусан “хөөрхөн, гоё нь гялалзах ёстой” гэсэн бодлыг өөрчилж, өөртөө итгэлтэй л бол өнөөдөр дэлхий чинийх гэх үзлийг тараах бүсгүйчүүд олон болжээ. Тэдний төлөөлөл болсон, загварын салбарт өөрчлөлт хийж, амжилттай яваа “онцгой” загвар өмсөгчдийг танилцуулж байна.
Винни Харлоу
Арьсны ховор төрлийн өвчнөөсөө болж, бага байхаасаа л “тахь, үнээ” гэхчлэн бусдад шоглуулж, доромжлуулж ирсэн охин өнөөдөр дэлхийн од болон гялалзаж байна. Тэрээр анх “Америкийн дараагийн топ модел” шоунд оролцож, олны танил болсон бөгөөд тус нэвтрүүлгийн араас олон суртчилгаа, клипэнд тоглож, карьераа амжилттай эхлүүлсэн. Одоо тэрээр хамгийн алдартай гэх тайзан дээр алхаж, хамгийн нэр хүндтэй сэтгүүлд зургаа авахуулдаг болсон. Нэмж дурдахад тэрээр хамгийн алдартай сагсанбөмбөгийн багийн хамгийн царайлаг бас чадварлаг залуутай ч болзож байгаа.
Эллисон Харвард
Тэр ахлах сургуулийн сурагч байхдаа л том нүд, тод нүүр будалтаараа сошиалд од болж эхэлсэн. Хүн бүр түүнийг сонирхож, хүн үү? хүүхэлдэй юу хэмээн таамаглал дэвшүүлэх болсон билээ. Сургуулиа төгсөөд тэрээр “Америкийн дараагийн топ модел” шоунд оролцож, 2-р байранд орсон бөгөөд өдгөө загвар өмсөгчийн карьераа маш амжилттай үргэлжлүүлж байгаа аж.
Диандра Форрест
Африк-Америк гаралтай Диандра нь Бронкс дахь ядуусын хороололд өссөн. Альбино охиныг мөн л хүмүүс гадаад төрхөөс нь болж дээрэлхэж, шоглодог байсан ч, охин энэ бүгдэд аль хэдийн дасал болсон байв. Алдарт гэрэл зурагчин Шамер Хан охиныг гудамжаар алхаж явахад нь олж харснаар, түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн юм.
Жиллиан Меркадо
Жиллиан булчингийн дистрофи өвчнөөс болж, 17 жил тэргэнцэртэй явж байна. Тэрээр бага байхаасаа л загварын салбарт хүч үзэх талаар мөрөөдөж ирсэн бөгөөд эцэст нь энэ тухайгаа блог хийсэн нь түүний мөрөөдөлдөө хүрэх замыг засч өгсөн. Удалгүй бүсгүй төрөл бүрийн сэтгүүлийн зураг авалтанд орж эхэлсэн байна.
Брюнет Моффи
Брюнет Моффигийн карьер санамсаргүй байдлаар эхэлсэн. Түүний найз залуу гэрэл зурагчин бөгөөд Брюнетийн зургуудыг авч, сэтгүүл рүү илгээсэн нь бүсгүйг алдартай болгоход хөтөлжээ. Сэтгүүлийн албаныханд бүсгүйн зургууд маш их таалагдаж, түүнийг моделиор ажиллахыг урьсан аж.
Амазон Ева
Амазон Евагийн өндөр нь 2.03 м бөгөөд түүнийг дэлхийн хамгийн өндөр загвар өмсөгч хэмээн нэрлэдэг. Загвар өмсөгч болохоосоо өмнө Ева спортод сонирхолтой байсан төдийгүй дасгалжуулагчаар ажиллаж байжээ.
Дафне Сэлфе
Энэ үзэсгэлэнтэй эмэгтэй 20 настайгаасаа Vogue, Harper’s Bazaar, Vanity Fair сэтгүүлүүдийн нүүрийг чимж эхэлсэн. Одоо тэрээр 88 настай бөгөөд өнөө хэр нь алдартай хэвээр төдийгүй ажлаа хийсээр явна. Түүнийг зургийг авах гэж ямар олон сэтгүүлүүд дугаарлаж зогсдог гэж санана.
Виктория Модеста
Эхийн хэвлийгээс мэндлэх үедээ эмчийн хайхрамжгүй байдлаас болж Викториа зүүн хөлний хүчтэй мултралтай болсон. 15 удаа хагалгаа хийлгэж, хоёр хөл дээрээ зогсохыг хичээсэн ч бүгд бүтэлгүйтэж, түүнд хөлөө тайруулахаас өөр сонголт үлдээгүй байна. Гэсэн ч тэрээр амьдралд бууж өгөх нь бүү хэл илүү хүчтэйгээр эргэн ирж, дуучин болоод зогсохгүй загвар өмсөгч болж чадсан юм.