Дауны синдромтой хүүгээ ганцаараа өсгөдөг аав

Дэлхий даяар мянга мянган гэр бүл Дауны синдромтой нүүр тулж байна. Аав ээжүүдийн хувьд хүүхдээ Дауны синдромтой гэдгийг эмчээс сонсох тэнгэр нураад ирж буй мэт санагдах бөгөөд маш олон хүүхэд тус өвчнөөс болж аав ээжээсээ тусгаарлагдаж (муухайгаар хэлэхэд хаягдаж), тусгай асрамжийн газар очдог. Харин эсрэгээрээ хүүхдийнхээ төлөө бүхнийг хийж, түүнийг асарч халамжилж, эгэл жирийн нэгэн мэт хайрлах эцэг эхчүүд ч олон. Тэдэн дундаас дауны синдромтой бяцхан хүүгээ ганцаараа өсгөдөг аавын түүхийг та бүхэндээ хуваалцаж байна.

Хүүгээ өвчтэй гэдгийг мэдэх цэлмэг тэнгэрт аянга буухтай л адил байсан

Евгений болон түүний эхнэр хүүгээ хүлээж авахаар бэлтгэж, аз жаргалтай хүлээлттэйгээр өдөр хоногийг өнгөрүүлж байв. Эхнэр нь өвдөж, олон цаг болсны эцэст бяцхан хүү нь дуугаа хадаасаар хорвоод мэндэлжээ.

Хүү төрөөд хэдхэн минут болсны дараа эх барих эмч хүүгийн аав ээж дээр ирж “Хүү тань дауны синдромтой байж болзошгүй юм байна” гэх аймшигт мэдээг дуулгаад гарч одов. Хосуудын багтаж ядаж байсан тэр их аз жаргал, хормын дотор айдас, уй гашуу болж өөрчлөгдөв.

Тэд хүүдээ Миша гэх нэрийг хайрлажээ. Дауны синдромоос гадна Миша уушгины хатгалгаа өвчтэй байсан бөгөөд алтан гартай эмч нар түүний бяцхан зүрхийг аварч чадсан юм.

Хүүгийн ээж онцгой арчилгаа, эмчилгээ шаардагдах Мишаг насан туршид нь халамжилж чадна гэдэгтээ итгэлгүй байсан учир түүнийг тусгай асрамжийн газар шилжүүлэх хүсэлтэй байв. Евгений үүнийг эрс эсэргүүцэж, биднийг л гэж ирсэн хүүгээ өөрийн амь насаар хариуцаж өсгөнө, хэн нэгэнд даатгаад хаяж чадахгүй хэмээн дургүйлхсэн байна. Ингэж хосуудын үзэл бодол зөрчилдөж, тэд удалгүй салахаар болж, Евгений хүүгээ өөр дээрээ авч өсгөх болжээ.

Залуухан аавд хүүхдээ эхийн сүүгээр хооллоно гэдэг хамгийн бэрх байв

Миша уушигны хатгалгаа өвчнөө эмчлүүлсний дараа эмнэлгээс гарч, аав хүү хоёрын хамтын амьдрал эхэлсэн. Хамгийн эхэнд тулгарсан асуудал нь хүүгээ эхийн сүүгээр хооллох байв. Аз болж сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар, Миша хүү сүүгээ өгч байх “ээж”-тэй болжээ.

Ганц бие аавд найз нөхөд нь их тусалсан

Мишаг эмнэлгээс гарч, аавтайгаа хамт амьдарч эхэлснээс хойш, Евгенийгийн найзууд төрөл бүрийн бэлэг явуулж, тэдэн дээр ойр ойрхон зочилдог байв. Тэднээс авсан тусламж дэмжлэгийн ачаар хүү бид хоёр цөхөрч, гутарч, амьдралд гомдож байсан удаагүй хэмээн Евгений онцолдог.

Аав хүү хоёр өдөр бүрийг нарийн төлөвлөдөг

Мишагийн бие бялдрын хөгжлийг дэмжихийн тулд аль болох олон зүйлийг хийх гэж хичээдэг аж. Тэд өдрийн ихэнх цагийг Мишад иллэг хийж өгөх, биеийн хөдөлгөөний дасгалууд хийх, хамтдаа сонирхолтой тоглоом тоглох гэх зэрэг байдлаар өнгөрүүлдэг байна.

Тэдний түүхийг сонссон нэгэн бүсгүй хандивын аян өрнүүлж, Мишаг тусгай сэлэлтийн хөтөлбөрт хамруулж, хувийн дасгалжуулагчтай болгож өгчээ. Энэ нь хүүгийн бие бялдрын хөгжилд онцгой сайнаар нөлөөлдөг аж.

Евгений хүүгийнхээ бие бялдар хийгээд оюун ухааныг хөгжүүлэх төрөл бүрийн зүйлсийг сэтгэдэг

 

Дауны синдромтой хүүхдүүдийн нэг онцлог шинж чанар нь тус бүр өөр өөр авьяас чадвартай байдаг. Евгений хүүгийнхээ оюуны чадавхи маш өндөр гэдэгт итгэдэг бөгөөд хүүгээ энэ тал руу нь илүү хөгжүүлэхийн хичээдэг гэнэ.

 

Сонирхолтой самбар, ном, танин мэдэхүйн тоглоом гээд Евгений төрөл бүрийн аргаар хүүгээ хүмүүжүүлдэг байна. Аав, хүү хоёр хамтдаа шинэ зүйлс сурч, бяцхан хүүгийнхээ гаргасан өчүүхэн амжилтыг ч хамтдаа тэмдэглэж, өдөр бүрийг өөдрөг, баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүлдэг аж.

Евгений “Хүү маань өөрийнхөө үеийн бусад хүүхдүүдийн чаддаг зүйлсийг чаддаггүй. Гэсэн ч би хүүгээ шахахыг огт хүсдэггүй. Түүнийг заавал ийм зүйл чаддаг байх ёстой, тийм зүйлийг сурах ёстой гэсэн хэрэм босгож, хүүгээ тэнд хүргэх гэж зовоохгүй.”

Хүүгээ асрахын хажуугаар тэрээр сайн үйлсийн аянг алгасалгүй оролцдог

Евгений хүүгээ асрах, хүмүүжүүлэх, өсгөх гээд гэрийн ажлын хажуугаар заавал цаг зав гаргаж, сайн үйлсийн ажиллагаануудад оролцдог. Оюун ухааны болон бие бялдрын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан төрөл бүрийн аянд идэвхтэй оролцож, өөрийн хувь нэмрээ оруулдаг байна.

Мишад сайн ааваас гадна гайхалтай эмээ бий

 

Евгенийгийн ээж бол Мишагийн хувьд ээж шиг нь эмээ. Аав хүү хоёрыг өдий зэрэгтэй явахад эмээгийн үзүүлдэг тус дэм хэмжээлшгүй их. Цаг ямагт тэднийг хэр байгааг шалгаж, аавыг нь эзгүйд хүүг сайн асарч халамжладаг.

 

Евгений: “Арьс өнгө, өвчин зовлон, нас хүйс, гадаад төрх харгалзахгүйгээр хүүхэд бүр хайрлагдах ёстой. Ингээд төрчихсөн нь тэдний буруу биш учир хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж, илүү үзнэ гэдэг үнэхээр утгагүй хэрэг. Яг л ийм бодлоор өдөр бүрийг өнгөрүүлж, хүүгээ өсч томорч байгааг хараад аз жаргалдаа умбаж байна даа. Бид хоёрт цаашдаа туулах олон зуун мянган өдөр бий. Мэдээж өдөр бүр баяр хөөртэй байж чадахгүй ч, бид бууж өгөхгүй тэмцсээр байх болно. Намайг л гэж ирсэн хүүгээ хайрлуулж, хайрлагдаж амьдруулах болно”

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!