Хүүхэддээ хэзээ ч хэлж болохгүй зүйлс

Хүүхэд өсгөх гэдэг бол бүхэл бүтэн шинжлэх ухаан буюу монголчилбол “Хүнээр хүн хийх” тийм ч амар ажил биш ээ. Том болохын хэрээр хэрхэн юуг хэлэх, юуг хэлэхгүй үлдээх тухайгаас авахуулаад зөв хүн болгож хүмүүжүүлэх асар хариуцлагатай үүрэг эцэг эхчүүдэд ноогдоно. Харин тэдний сэтгэхүйг багаас нь хэлэх ёсгүй үгээр дүүргэж, өөрийгөө эцэг эхдээ тээр дараа болсон амьтан гэх сэтгэгдлийг төрүүлэхгүйн тулд дараах үгсийг хүүхдүүддээ хэзээ ч битгий хэлж байгаарай.

1. “Би чамд бүхнээ зориулсан”

Хүүхэд өсвөр насандаа, эсвэл бүр жаахан байхдаа эцэг эхдээ уурлах, тунирхах, гомдох үе гарна. Энэ бүхэнд “Би чиний төлөө бүхнээ л зориуллаа, гэтэл чиний байж байгаа царай энэ” гэх мэтийн үгс огт хэлэх хэрэггүй. Энэ нь тэдэнд насаараа таны л төлөө амьдрах ёстой мэт сэтгэхүйг суулгаж өгдөг.

2. “Гэхдээ…”

Гэхдээ гэдэг үгнээс өмнөх бүх үг худлаа байдаг гэлцдэг. “Шалгалтаа сайн хийсэн байна, гэхдээ дараагийн удаа илүү сайн хийгээрэй.”, “Сайн цэвэрлэжээ, гэхдээ нэг л зүйл дутуу байна” гэх мэтээр шүүмжилснээр хүүхэд өөртөө итгэлгүй болдог. Үүний оронд “Маш сайн хийжээ. Үүнээс ч илүүг хийж чадна гэдэгт ээж нь итгэж байна” гэж болно шүү дээ.

3. “Уйлахаа боль”

Ингэж хэлээд уйлахаа больдог хүүхэд харсан уу? Харин ч бүр чангаар зөрүүдэлж уйлдаг нь олон. Түүний оронд аяндаа тайвширтал нь хүлээж байгаад уйлах ямар ч хэрэггүй, уйлахын оронд ярилцаж, санаа сэтгэгдлээ солилцох нь илүү үр дүнтэй талаар тайлбарлаж ойлгуулаарай.

4. “Би чамайг хэзээ ч уучлахгүй дээ”

Хүүхэд тань болохгүй зүйл хийж, эд материал сүйтгэсэн байж болно. Гэмшлээ өөрөө ухаарах цаг олгохын оронд “Би чам шиг хүүхэдтэй баймааргүй байна, чамайг хэзээ ч уучлахгүй” гэх мэт тархигүй хүний үгийг хөөрхөн үрдээ хэлэх хэрэггүй.

5. “Чи яагаад …. шиг байж болохгүй гэж?”

Бусадтай харьцуулах нь хүүхдийг өөртөө итгэх итгэлгүй л болгож буй хэрэг. Түүний оронд “Чи чадна, оролдоод л үз” гэж урамшуулж байгаарай.

6. “Зодно шүү, шийтгэнэ шүү”

Зодож шийтгүүлэхээс айх нь бага насанд байж болох асуудал ч гэлээ өсвөр настнуудад маш их дарамт, айдас болж ирдэг. Үүнээс болоод тэд аливаа зүйлийг эцэг эхээсээ нуух, маш олон нууцтай болох, нууцаа хадгалахын тулд худлаа ярих зэрэг олон асуудал урган гарч ирдэг.

7. Хэт их магтах

Хүүхдэд хатуу үг байнга сонсгож болохгүйтэй адил хоосон магтаалыг цаг ямагт хэлэх хэрэггүй. Энэ нь тэднийг биеэ тоосон, бусдыг үл ойшоосон нэгэн болгож өсгөдөг.

8. “Чамайг төрүүлсэн нь миний алдаа”

Хүүхэддээ хэзээ ч бүр хэзээ ч хэлж болохгүй үгсийн нэг бол энэ. Хүүхдээ өөрөөсөө үүрд түлхэж, үл үзэгдэх харилцааны хана насан туршдаа босгох гээгүй л бол ийм үгийг огт амнаасаа унагах хэрэггүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!