Арьсаа гоё болгох гэж хэт их хичээснээр, нүүрэн дээр батга гарч эхэлнэ: Батга гарахад нөлөөлдөг арьс арчилгааны алдаанууд
Арьс муухай боллоо, батга гарчихлаа хэмээн бухимдаж, буруутанг нь хайж, стрессдэнэ. Гэхдээ арьсан дээр батга гарах нь таны арчилгаатай 100 хувь хамааралтай гэдгийг санаарай. Та арьсаа буруу арчилж, буруу бүтээгдэхүүн хэрэглэснээс болж, арьс үрэвсэж харшилж, эцэстээ батгашиж эхэлнэ. Иймд өнөөдөр та бүхэндээ бид юуг буруу хийснээр болж, арьсан дээр батга гардаг тухай мэдээллийг хүргэж байна.
Нүүрний будгаа будаг арилгагч салфеткиар арчдаг
Бүсгүйчүүд өглөө нүүрээ будахаас залхуурдаггүй хэрнээ орой будгаа арилгахаас төвөгшөөдөг. Тиймдээ ч будаг арилгагч салфеткийг өргөнөөр хэрэглэх болсон. Гэхдээ үүнд бүрэн дүүрэн итгэж, будгийг нь тань гүйцэт арилгаж, арьсыг тань сайтар цэвэрлэсэн гэж бодож болохгүй. Учир нь энэ төрлийн салфетка нь арьсанд бохирдол их үлдээхийн зэрэгцээ найрлагаас болж арьсыг хуурайшуулдаг. Үүнээс улбаалж, арьс үрэвсэж, батгаших нөхцөл бүрддэг байна.
Өөрт үл тохирох нарны тос хэрэглэх
Бид өдөр бүр нарны тос түрхэн хэрэглэх ёстой. Гэхдээ нарны тос л бол нарны тос гээд өөрийн арьсны онцлогт үл тохирох тос хэрэглэж болохгүй. Энэ нь таны арьсыг хамгаалах биш эсрэгээрээ гэмтээнэ. Зарим нарнаас хамгаалах тосны найрлагад тосонд суурилсан органик шүүлтүүр хэрэглэдэг бөгөөд энэ нь арьсыг цочроож үрэвсүүлнэ. Тиймээс ямар тос сонгон авахдаа ч анхаарлаа хандуулах ёстой.
Нүүрээ хэт их угаадаг
Арьсаа цэвэрлэх нь батгатай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай алхам боловч хэтрүүлж угаах нь эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Арьс судлаачид арьсыг хэт их цэвэрлэх нь тослогийн тэнцвэрийг алдагдуулж, гэмтээдэг болохыг онцолдог. Тослог арьсанд зориулсан гэх зэрэг зарим төрлийн бүтээгдэхүүн нь арьсыг хэт хуурайшуулж, тослогийн булчирхайг илүү их тослог үйлдвэрлэхэд хүргэж, улмаар батгашилт явагдаж эхэлнэ.
Хэт их үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэг
Үсийг намирсан болгоход туслах зарим үс арчилгааны бүтээгдэхүүн нь батга үүсгэдэг. Шампунь, ангижруулагч, төрөл бүрийн үсний хэв хадгалах бүтээгдэхүүн нь арьсны нүхийг бөглөж, дух орчмоор батга гарахад хүргэдэг байна.
Шүршүүрт орж байхдаа нүүрээ угаадаг
Шүршүүрт орохдоо хүмүүс ихэвчлэн халуун ус ашигладаг. Харин тэрхүү халуун усаар нүүрээ угаах нь арьсыг гэмтээж, цочрооно. Үүний үр дүнд арьс үрэвсэж, батга гарах магадлал нэмэгдэнэ.
Дасгал хийсний дараа нүүрээ угааж цэвэрлэдэггүй
Дасгал хийсний дараа усанд орохгүй алгасах нь таны арьсыг асуудалд ороход ойртуулж байна гэсэн үг. Хөлс нь арьсны нүх сүвүүдийг бөглөж, цаашлаад батга гарах үндэс суурийг тавьж өгнө. Дасгал бүрийн дараа бие болон нүүрээ угаахгүй бол удахгүй гарах батгаа угтахдаа бэлтгэх хэрэгтэй болно.