Солонгос бүсгүйчүүдийн мөнхийн залуу харагдаж чаддаг нууц

Солонгос охид бүсгүйчүүд гэрэлтсэн, тунгалаг арьсаараа алдартай. Нас ахисан ч залуухан харагдсан хэвээр байх тэдний нууц чухам юу бол? Энэ талаар хамтдаа олж мэдэцгээе.

Арьс бол тэдний хувьд үнэт эрдэнэ

Солонгос бүсгүйчүүдийн хувьд арьс бол амьнаас өөрцгүй үнэт эрдэнэ. Тиймдээ ч арьсандаа маш их анхаарал хандуулж, мөнгөө үл харамлаж, төрөл бүрийн арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэдний хувьд арьс нь цэвэрхэн асуудалгүй байхад л болох бөгөөд бусад гадаад үзэмжинд төдийлөн анхаардаггүй.

Оройн арьс арчилгаа хамгийн чухал

Солонгос охид бүсгүйчүүд оройн арьс арчилгааг хамгийн чухалчилж үздэг. Арьсаа сайтар цэвэрлэж, орой бүр алгасалгүй салфеткан маск тавьж чийгшүүлнэ. Мөн 2-3 хоногт нэг удаа арьсаа гуужуулж, үхэжсэн арьснаасаа сална. Арьсанд чийгшэл дутагдсанаар үрчлээс үүсч, үрэвсэл бий болох үндэс суурь тавигддаг, тиймээс арьсаа чийгшүүлж байх хэрэгтэй.

Будааны шүүсээр нүүрээ угаадаг

Будааны шүүсний ач тусын талаар та сонсож байсан уу? Энэ нь Солонгос болон Япон бүсгүйчүүдийн толигор, гэрэлтсэн арьсны нууц гэдгээрээ алдартай. Будгаа арилгаж цэвэрлэсэн нүүрээ будааны шүүсээр угааж эсвэл арчиж болно. Ингэснээр арьсны гүнд чийгшэл өгөх төдийгүй хэрэгтэй амин дэмээр тэтгэнэ. Өдөр бүр үүнийг хэрэглэж заншсан бүсгүйчүүдийн нүүр ямар ч асуудалгүй байдаг гэнэ шүү.

Хооллолт

Арьс эрүүл сайхан байх нь бидний юу идэж ууж байгаатай шууд хамааралтай. Солонгосчууд төрөл бүрийн ногоо түлхүү идэж хэрэглэдэг бөгөөд махыг ховор иддэг. Ингэж хөнгөн чанарын хооллох нь ходоод гэдсэнд ачаалал үүсгэхгүй тул эрүүл арьстай байхад гол чухал нөлөө үзүүлэх аж. Харин эсрэгээрээ өдөр бүр мах идэж, хүнд хооллох нь арьсыг гундааж, төрөл бүрийн арьсны асуудал үүсгэхэд хүргэдэг байна.

Нарны тосыг цаг ямагт түрхэнэ

Арьсаа хамгаалах, үрчлээсээс сэргийлэх хамгийн чухал арга бол нарны тосыг тогтмол хэрэглэх. Нартай байх эсэхээс үл хамаарч өдөр тутамдаа хэрэглэх нь арьсаа хамгийн сайнаар хамгаалж буй хэлбэр юм. Солонгос бүсгүйчүүд өдөр алгасахгүй нарны тос түрхдэг бөгөөд далай, хөдөө явахдаа нарны тосыг 2 цаг тутамд түрхэж, арьсаа түлэгдэж, гэмтэхээс сэргийлдэг байна.

Тэдний энэ их хичээл зүтгэл хийгээд идэж ууж байгаа зүйлс, цаг уурын амьсгал зэргээс хамаарч, арьс нь дэлхий нийтээр бүсгүйчүүдийн мөрөөдөл болдог аж. Та ч бас арьсандаа сайтар анхаарал хандуулж, тохирох бүтээгдэхүүн хэрэглэж, сайн чийгшүүлж чадвал, тэднээс дутахгүй цэвэрхэн, эрүүл арьстай болж чадна. 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!