Шинэхэн ээжүүд сэтгэлээ бэлдвэл зохих 10 зүйл

Шинэ хүн амьдралд ирнэ гэдэг юутай их аз завшаан, баяр баясгалан билээ. Гэтэл үүний хажуугаар хүүхдээ зөв арчлах тухай бусад хүмүүсийн зөвлөгөөг дагах уу, өөрийн бодож байгаагаар хийх үү гэдгээ шинэ ээжүүд нэг хэсэгтээ л мэддэггүй. Энэ мэтчилэн нэг их том асуудал биш юм шиг хэрнээ санаа зовоосон, яршигтай ч юм шиг зүйлс шинэхэн ээжүүдийг зовоодог. Та дургүйцлээ гээд алга болчих зүйл биш учраас эртхэнээс сэтгэлээ бэлдсэн нь танд хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

1. Бусад хүмүүсийн санал шүүмжлэл

Та шинэ ээж мөн ч бай биш ч бай, хүүхэд хуурайлах, хөхүүлэх, унтуулах, агаарлуулах тал дээр хэн нэгний “илүү хошуу” байнгын л наалттай явна. Яг л асуусан юм шиг. Заримдаа хэрэгтэй юм шиг санагдах ч, заримдаа үнэхээр хэцүү санагдана. Энэ хэцүү бүхнийг гол нь өөртөө дарамт болгож авалгүйгээр эвтэйхэн өнгөрүүлэх хэрэгтэй шүү.

2. Хүүхэд хөхүүлэх бодсон шиг чинь гайхалтай ажил биш

Хэцүү гэдэг талаас нь хэлэх гэсэн юм л даа. Шөнөжин та хүүхдээ хөхүүлж хононо, ингэхдээ хүүхдээ хөхөөрөө дарахаас сэргийлэхийн тулд суугаагаараа ч хөхүүлэх хэрэг гарна. Энэ бүх цагуудыг нойргүй тэвчиж өнгөрүүлнэ гэдэгтээ эртнээс сэтгэлээ бэлдэж, боломжтой байгаа дээрээ нойр сайн авч байхыг хичээгээрэй.

3. Нярай хүүхэд маш хачин царайтай байдаг шүү!

Дөнгөж эхийн хэвлийгээс унасан хүүхэд хөх, ягаан холилдсон сонин өнгөтэй, арьс нь хэтэрхий нимгэн учраас яг л 90 настай хүн шиг үрчгэр (бүр унжсан зовхитой байдаг гээч) байдаг. Үүнийг зарим шинэ аавууд бүү хэл ээжүүд хараад “Яана аа, миний хүүхэд ийм царай муутай юм уу” гэж боддог гэнэ. Санаа зовох хэрэггүй дээ, дөнгөж төрсөн нярай бүр л ийм байдаг бөгөөд өдөр ирэх тусам харц салгахын аргагүй хөөрхөн болдог.

4. Тэд уйлна. Бүр маш их!

Нярай, нялх хүүхэд уйлах бүртээ таагүй байна гэсэн үг биш, тэдний харилцах, өөрийгөө ойлгуулах арга нь л ердөө энэ. Сэрчихлээ, өлсөөд байна, хуурайлах цаг болжээ, хөхөндөө цадахгүй, эсвэл зүгээр л ээждээ тэврүүлэх гээд уйлж байж мэднэ. Гол нь хэрхэн уйлж буйгаар нь юу хэлэх гээд байгааг нь ойлгож сураарай.

5. Тэр эхний сардаа бараг инээхгүй

Дөнгөж төрсөн хүүхдийн өхөөрдөм бичлэг үзээд манай хүүхэд яагаад инээхгүй, унтаад л байна аа гэж гайхах хэрэггүй шүү. Нярай хүүхэд төрснөөс хойш эхний 6 долоо хоногтоо өдөржин унтаж, эсвэл мөөмөө л иднэ. Харин түүнээс хойш нүүрний янз бүрийн хөдөлгөөн сурч, ээжийгээ таньж, сэрүүн байх цаг нь уртсаж ирдэг.

6. Бусад хүмүүсийн үгэнд эмзэглэх хэрэггүй!

Найз нөхөд, хамаатан садан, зүгээр л нэг танилуудын “Одоо эртхэн ахиад нэг хүүхэд гаргачих, чамд амар” гэх юмуу “Гэрээсээ ажиллах арга ол” гэх мэт амьдралд хэт оролцсон бүдүүлэг зөвлөгөөнүүдийг анзаарч, хүндээр тусгах хэрэггүй. Тэд чиний амьдралыг мэдэхгүй учраас ярихад амархан.

7. Хүүхдийн арьс маш эмзэг

Нярай хүүхдийн арьс маш эмзэг, нимгэн тул амархан хуурайшна, амархан нурна, халуун болон агааргүйгээс болж жижиг тууралт гарна, та хэрхэн хооллож буй тань хөхний сүүгээр дорхноо дамжаад л хүүхдийн арьсан дээр тестийн хариу шиг л гараад ирнэ. Тиймээс аль болох тааламжтай нөхцөл бүрдүүлэхийг хичээж, чихэрлэг, халуун ногоотой, тос ихтэй зүйл идэхээс зайлсхий.

8. Дааврын тэнцвэргүй байдал

Жирэмсэн болон төрсний дараа эмэгтэй хүний дааврын хэмжээ огцом унаж, сэтгэл санаа тогтворгүй болгож, үс арьс гэмтээж, уур уцаартай, гутранги болгодог. Энэ бол түр зуурын асуудал гэдгийг санаарай. Ийм үедээ нөхрөөсөө, гэр бүлийнхнээсээ тусламж гуйхаас санаа зовох хэрэггүй.

9. Удаан хугацаанд ирээгүй сарын тэмдэг

Жирэмсний 10 сараас төрсний дараах хэдэн сарын хооронд сарын тэмдэг ирэхгүй байж байгаад гэнэт ирэхээрээ их хэмжээгээр ирэх тохиолдол бий. Бараг бүтэн жил “ийм зүйл” байдгийг ч мартсан үед та цочирдож магадгүй юм. Бэлтгэлтэй байгаарай.

10. Мартамхай болно

Мөн л дааврын тэнцвэргүй байдлаас шалтгаалсан түр зуурын марталт, эсвэл төрөхийн үеийн эм тарианаас болж “загасны ой санамж”-тай болж болдог. Хүүхэд төрүүлсэн эмэгтэй бүхэнд тохиолддог зүйл тул битгий их сэтгэл санаагаар унаарай. Ердөө хагас жилийн дараа гэхэд л та хэвэндээ орох болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!