Хүйтний улиралд хэрхэн дэгжин хувцаслах вэ?
Хүйтэн салхи үлээж, хүн бүрт дулаан хувцаслахыг сануулна. Гадаа гарах төдийд л хөлдөх шахаж, хасах градус танд ч бас асуудал болж байгаа биздээ.
Харин энэ үед хэрхэн зөв хувцаслаж, хүйтнийг даван гарах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн юм. Хахир хүйтэн, жихүүн салхинд дулаахан атлаа загварлаг хувцаслах санаануудыг танд зөвлөе.
1. Дулаан өмд
Ялангуяа эмэгтэй хүн доороосоо даарснаар олон төрлийн өвчтэй болж, насан туршдаа харамсаад ч барахгүй асуудалтай тулгарахыг үгүйсгэхгүй. Иймд зузаан ноосон өмд өмсөх хэрэгтэй бөгөөд гадуур нь биений хэмжээгээр сунах бариу өмдийг өмсөхөд хангалттай. Ингэснээр бидний асуудал болсон тарган, бүдүүн харагдах байдлаас сэргийлэх боломжтой билээ.
2. Ноолууран цамц
Биед зөөлөн таатай, ноолууран цамцыг өвлийн улиралд өдөр бүр шахуу өмсөж байх хэрэгтэй. Энэ нь биед наалдаж, дулаацуулах төдийгүй үзэсгэлэнтэй, загварлаг харагдуулах аж. Хэрэв та ойр дотны хүндээ ямар нэгэн хувцас эдлэл бэлэглэх гэж байгаа бол гоёмсог ноолууран цамцыг сонгоорой.
3. Бүрх малгай
Өвлийн улирлыг малгай өмсөлгүйгээр давж туулна гэдэг бүтэшгүй зүйл билээ. Малгай өмсөхгүй бол тархины судас нарийсч, цусны эргэлт удааширдаг байна. Иймд та эсгий бүрх малгай, эсвэл ноосон малгай зэргээс сонголтой хийж өмсөөрэй.
Хэрэв дулаахан атлаа загварлаг харагдахыг хүсч байвал хөх ягаан, тод цэнхэр, саарал, нүцгэн зэрэг өнгөтэй малгайг сонгож өмсөж болох бөгөөд эдгээр өнгөнүүд нь энэ жил трэнд болж байгаа юм.
4. Урт түрийтэй гутал
Өвдөг давсан урт түрийтэй гутал энэ жил охидын хувьд тэргүүн сонголт болж байгаа. Харин үүнийг өвөл өмсөхөд бүр ч илүү тохиромжтой. Таныг өвдөг, шилбээр дааруулахгүй байхаас гадна дэгжин харагдуулах юм. Хамгийн гол нь гутал тань хальтардаггүй, дулаахан байх шаардлагатай. Үүнийг гол шалгуураа болгож, гутлаа сонгоорой.
5. Гадуур хувцас
Өвлийн улиралд таны гадуур хувцас хамгийн чухал үүргийг гүйцэтгэнэ. Энгийн нэг куртик өмсөхөөс илүүтэй ноосон хүрэм, үслэг эдлэл зэргийг сонгоорой. Эдгээр нь дулаахан байхаас гадна таны загварлаг төрхийг ч хадгалсаар байх юм.
6. Урт ноосон цамц
Урт ноосон цамцгүйгээр өвлийн улирлыг хэрхэн өнтэй давах билээ. Биеийг бүхэлд нь дулаан байлгахаас гадна стил, имиджийг нь хадгалсаар байх нь давуу тал болно. Энэ нь бүрэн утгаараа хүйтний улиралд хамгийн тохиромжтой хувцас юм. Үүнээс гадна тус цамц нь ямар ч гутланд төгс зохицох аж.
7. Зузаан ноосон ороолт
Хэрэв таны гадуур хувцас хангалттай дулаахан биш бол том зузаан ороолтыг заавал авах хэрэгтэй. Энэ нь хүйтнийг ажралгүй давах гол арга бөгөөд хүн бүрт нэг ширхэг байх ёстой юм. Тус ороолт нь хүзүү, мөр зэргийг дулаахан байлгахаас гадна гоё сайхан төрхийг ч давхар бүрдүүлнэ.
8. Хүзүүтэй цамц
Хүзүү хоолойг дулаан байлгах үүрэгтэй хүзүүтэй ноосон цамц таны шүүгээнд заавал байх ёстой. Үүнийг өвөл өмсөж, хүзүүгээ даарахаас хамгаалах төдийгүй хавар, намрын улиралд ч өмсөх боломжтой юм. Тус цамц нь ямар ч хувцастай төгс сайхан зохицох тул өдөр тутамд өмсөх хамгийн эрэлттэй хувцас байж чаддаг билээ.
9. Савхин хүрэм
Савхин хүрэм нь хэдийгээр нимгэн харагдах боловч дулаахан, салхи нэвтрүүлдэггүй давуу талтай. Та нэг ширхэг сайн чанарын савхи авчихсан байхад хавар, зун, намар, өвөл гэхчлэн жилийн дөрвөн улиралд өмсөх боломжтой билээ. Гэвч энэ нь өвлийн нэхий, зузаан куртик, хүрэм зэргийг бодвол дулаан байх чанар нь харьцангуй муу гэдгийг бодолцож үзээрэй.
10. Бойтог
Өвлийн улиралд хүн бүрийн сонгож өмсдөг гутал бол яахын аргагүй бойтог билээ. Энэ нь хөлд дулаахан, эвтэйхэн байдаг төдийгүй харагдах үзэмж нь даруухан атлаа дэгжин. Сүүлийн үед бойтогны үзэмж шинэчлэгдэж, загварлаг төрхийг, дулаан байдалтай хослуулан үйлдвэрлэх болсон нь охид бүсгүйчүүдэд маш их таалагдаж байгаа юм.