Эмэгтэйчүүдийг өөртөө арчаагүй, бохир харагдуулдаг зүйлс

Хүнийг хувцаслалтаар нь дүгнэх хялбархан. Анх харж байгаа эсвэл үг сольж үзээгүй хүнээ өмссөн хувцас, байгаа байдлаар нь биш өөр юугаар нь дүгнэх билээ дээ. Тиймдээ ч бид үнэтэй биш ч, цэвэрхэн хувцаслаад, брэнд биш ч хиргүй хувцас өмсөөд явах хэрэгтэй биш гэж үү? Иймд та бүхэндээ эмэгтэйчүүдийг өөртөө арчаагүй, бохир харагдуулдаг зүйлсийг танилцуулж байна.

Бохир гутал, хиртэй пүүз 

Гутал цэвэрхэн байх хамгийн чухал. Манай улсын нөхцөлд тоос шороо босоод, өмссөн гутал амархан бохирдох ч гэлээ, өглөөдөө сайхан цэвэрлэж гараад, өдөртөө хэдэн удаа арчиж тоосыг нь буулгахад тийм ч их цаг орохгүй шүү дээ. Үүнээс гадна хиртэй пүүз өмсөж яваа бүсгүй хэчнээн царайлаг байсан ч бусдын нүдэнд таагүй харагдана.

Үсэнд наалдсан крем

Манай бүсгүйчүүд нүүрээ будах явцдаа кремээ үсэндээ санамсаргүй хүргэх, нялах тохиолдол хааяа бас гарна. Харин тэр чигээрээ л гараад явчихаж болдоггүй юм шүү. Энэ нь таны үзэмж, үнэлэмжийг хэчнээн их бууруулна гээч. Тиймээс гэрээсээ гарахдаа нүүр царайгаа сайтар нэг ажиглаад, үсэнд элдэв зүйл наалдсан эсэхийг шалга.

Будагнаасаа илүү гарч ургасан хумс

Охид бүсгүйчүүд маань хумсаа янзлуулж, өөрт таалагдахаар будуулж янзлуулах нь элбэг болсон. Мэдээж энэ нь тэднийг өнгө ялдам, сайхан харагдуулдаг. Гэхдээ хэт их ургаад, хумс нь будагнаасаа дэндүү ялгараад ирэх үед өнөөх сайхан байдал эргээд өөртөө арчаагүй нэгэн мэт харагдуулж эхэлнэ.

Энд тэндээсээ унаж шингэрсэн хиймэл сормуус

Эмэгтэйчүүдийн нүдэнд гэрэл, өнгө жавхаа нэмдэг сормуусыг хийлгэх бүсгүйчүүд олон. Хумстай нэгэн ижил сормуус суулгуулаад багагүй хугацаа өнгөрсний дараа энд тэндээсээ уначихаад ялгарч харагдах болсон сормуус таны өнгө төрхийг гундаана. Ингэж явах юм бол яах гэж сормуус суулгуулдаг юм бэ дээ гэх бодлыг хүмүүсийг толгойд үлдээж, өрөвдөж харамссан харцаар тэр бүсгүйг ажина. Тиймээс манай бүсгүйчүүд ийм байдалд орохгүйн тулд сормуус тань унаад шингэрээд эхэлсэн бол дор дор нь нөхүүлж байгаарай.

Үрчгэр хувцас

Хэчнээн үнэтэй, брэндийн, загварлаг хувцас байлаа ч үрчгэр байвал ямар хэрэг байх билээ. Үрчгэр хувцас өмсөж явснаас өчигдөр өмссөн хувцсаа ахин нэг өдөр өмсчих.

Гаран дээр наалдсан нүүрний будаг

Нүүрний будаг, гоо сайхны бүтээгдэхүүнээ манай бүсгүйчүүд гарандаа түрхэж байгаад л шалгаж үздэг биз дээ? Мэдээж үүнийг буруутгах аргагүй. Гэлээ гэхдээ үүнийгээ цэвэрлэчихдэг байх хэрэгтэй шүү.

Гар утасны дэлгэцэнд наалдсан крем, энгэсэг

Гар утсаа бид өдөр тутамдаа ашигладаг тул нүүрэнд хүрээд буцахдаа крем, энгэсэгнээс өөртөө наагаад буцах нь олонтаа. Нэмээд хурууны хээ ч утсан дээр бууж хэвээ үлдээнэ. Энэ мэтчилэн явсаар нэг л мэдэхэд утасны дэлгэц гэж хүн харахын эцэсгүй болсон байдаг. Тиймээс та утасны дэлгэцээ тогтмол арчиж цэвэрлэж байгаарай. Утасны дэлгэц бохир заваан байвал iPhone11 байгаад ч нэмэргүй шүү дээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!