Найзаасаа харилцаагаа таслах цаг болсныг илэрхийлэх 6 шинж

Таны найз гэж бодож явдаг хүмүүсийн ердөө 50 хувь нь эргээд таныг найзаа гэж боддог гэх судалгаа бий. Нэг ёсондоо таныг гэх жинхэнэ найз тун ховор. Өнөөдөр та бүхэндээ амьдралаасаа гаргаж хаях ёстой найз гэх нэр зүүсэн хүмүүсийн шинжүүдийг хүргэж байна. Тэд таны амьдралд гэрэл гэгээ, аз жаргал бус үргэлж асуудал, сэтгэл зовнилыг өгнө.

Таныг өөр бусад найзуудтайгаа жишин зүйрлэнэ

Тэр ганцхан таньтай найзалдаггүй. Өөр бусад хүмүүсийг ч хараад найзаа гэж тэвэрч аваад, тэдэнтэй өнгөрүүлсэн дурсамжаа хуваалцаж, ямар хөгжилтэй байсныг ахин дахин дурдаж, таньтай харьцуулж эхэлнэ. Тэр найз маань надад ингэж өгсөн, надад тэгж тусалсан, найз гэж тийм л байдаг гэхчлэн үг хаяж, таныг хэцүү байдалд оруулж, гэмтэй мэт санагдуулах явдал олон дахин давтагдана.

Уулзах бүрт зөвхөн өөрийнхөө асуудлыг ярьж, таны асуудлыг тоож сонсохгүй

Өөрт тохиолдсон бүхнээ ярьж, сэтгэлээ онгойлгож аваад, эргээд таныг ярих гэхэд үл тооно. Сонсож байгаа дүр эсгэж утсаа ухаад суучихна, олигтой ганц хариу өгчихгүй хий толгой дохино. Та түүний сайн сонсогч болж өгөөд, өөрийн мэдэх чадахаар туслахыг хичээж байхад тэр эргээд таныг огт тоохгүй байхад энэ өнөөх жинхэнэ найзуудын харилцаа мөн гэж үү? Танд ашиглуулж байгаа мэт мэдрэмж төрөхгүй байна уу?

Үргэлж таныг шүүмжилнэ, эргээд та шүүмж хэлэхэд хүлээж авдаггүй

Харилцаанд шударга байдал хэдий чухал ч гэлээ, тухайн хүнд таалагдахгүй байлаа гээд энэ нь үнэн болчихгүй. Жишээ нь найзад тань таны шинэ үс засалт таалагдахгүй байлаа гээд энэ нь онцгүй гэсэн биш. Зөвхөн түүний хувьд л энэ зүйл үнэн мэт санагдах ч, таны хувьд тийм байх албагүй. Гэтэл өөрийнхөө бодол бүрийг танд тулгаж, хамгийн зөв мэтээр аашлах нь хэчнээн залхмаар, таагүй мэдрэмж гээч. Сүүлдээ түүнийг юу гэх бол, бас юу гэж өөлөх бол гэж айдаг болно.

Таныг чухалчилж үздэггүй

Товлосон уулзалтаа ч мартаад, таныг чухалчилж үздэггүй. Өөрт нь хэрэгтэй болсон үед л таньтай холбоо барьж, өөдгүй зан гаргана. Харин эргээд таныг тус гуйхад хэнэгчгүй хаяад явж мэднэ.

Таныг өөрчлөгд гэж шаардана

Тэр таныг үргэлж өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлж, өөрчлөхийг оролдоно. Өөрийнх нь санаанд нийцэхгүй бол буруутгаж, гаж нэгэн мэт үзэж, нийгэм таныг хүлээж авахгүй мэтээр аашилна.

Түүнд хэлэх үгэндээ анхааралтай хандах хэрэгтэй болдог

Таны хэлсэн үгэнд амархан гомдож, үгнээс өө хайж, намайг анхаарсангүй, хайхарсангүй, “чи намайг тэгж хэлж байгаа юм уу?”, “чи намайг ингэж боддог байх нь ээ?” гээд л орилж хашхирна. Үүнээс нь болоод та сүүлдээ амнаас гаргах үг бүрээ бодох шаардлагатай болж ирнэ.

Хэрэв таны эргэн тойронд ийм найз байдаг бол харилцаагаа тасалж, өөртөө эрх чөлөөг олгоорой. Найз гэдэг хамтдаа хөгжилдөж, хамтдаа ярилцаж, нэгнийгээ сонсож өгч, сэтгэлийн дэм болж, ганцаардах үед нь дулаацуулж, ганхах үед нь түшдэг хүнийг хэлнэ. Гэтэл зөвхөн өөрийгөө төв болгож, өөрийнхөө хүслээр таныг байлгах гэдэг хүн амьдралд гай болохоос хэтрэхгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!