Ижил хүйсийн хүмүүс гэрлэсэн анхны тохиолдол: Хамт байхын төлөө чадах бүхнээ хийсэн хосуудын түүх

Өдгөөгөөс зуун жилийн өмнө, хэд хэдэн улсад ижил хүйсийн хүмүүсийг гэр бүл болохыг хуулиндаа зөвшөөрөхөөс урьд, хоёр бүсгүй бие биедээ сэтгэл алдарч, хайрынхаа төлөө хэчнээн хүнд бэрхийг туулсан тухай түүхийг өгүүлэхээр бэлтгэлээ.

Марсела Грасия Ибеас, Элиса Санчез Лорига гэх хоёр бүсгүй хорьж дийлэмгүй их хайраар холбогдож, хамтдаа байхыг юу юунаас илүү их хүсдэг байв. Хоёр эмэгтэй хүн нэгнээ хайрлаж, хамтдаа байна гэдэг тухайн үед хүний толгойд ч буухад бэрх байсан учир тэд хотоос хот дамжиж, зугтаж амьдардаг байсан аж.

Элиса, Марсела нар эхэндээ найзууд байсан боловч нэг л мэдэхэд нэгнийхээ амьсгалыг чагнаж, зүрхний цохилтыг нь мэдрэхгүй бол амьдарч чадахаа болиход хүрсэн байв

Марсела Грасия Ибеас, Элиса Санчез Лорига нар Испанийн А Корунья дахь Багшийн мэргэжил дээшлүүлэх коллежид бага ангийн багшаар хамтдаа суралцаж байсан бөгөөд багш болох гэсэндээ биш, суралцах гэсэндээ ч биш, зөвхөн биесээ харж, хамт байхыг хүсэхдээ тэр газрыг өдөр бүр зүглэнэ.

Нэг нэгэндээ донтчихсон тэд нийтэд харилцаа нь хэтэрхий ил байгааг ч анзаарах сөхөө байсангүй. Хотоор цуурхал тарж, хэрэг бишдэж Марселагийн эцэг эх охиноо ижил хүйсийн бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой талаар мэдсэн даруйдаа түүнийг сургуулиас нь гаргав. Марселагийн эцэг эх түүнийг Элисагаас холдуулахын тулд Мадрид руу явуулсан ч, бүх зүйл төлөвлөгөөний дагуу болсонгүй.

Хуурамч үнэмлэхтэй болох нь хосуудын хувьд хамт байх цор ганц арга болж үлдэв

Олон жилийн дараа Элиса, Марсела нар дахин уулзахад тэд хэн хэн нь карьераа босгож, багшийн мэргэжлээр ажиллаж байсан аж. Сургалтаа төгсөөд Элиса Користанкод багшлах болсон бол Марсела Кало тосгонд багшилж байв.

Буруу болохгүй гэдгийг мэдэх ч, уулзалгүй олон жил болсон байлаа ч, тэдний зүрх сэтгэл нэгнээ хүсэн тэмүүлсэн хэвээр, яг л өчигдөрхөн уруул дээр нь зөөлөн үнсээд амардаа гээд гэрт нь оруулж өгсөн мэт. Өөрсдийн мэдрэмжээ хорьж дийлэхгүй гэдгээ сайн мэдэх хосууд эргээд хамт байхаар шийдэв. Тэд өдөр нь тус тусын ажлуудаа хийж, орой нь нэгнээ санаж, тэмүүлсээр гэртээ ирж, аз жаргал, хайраар бялхсан цаг хугацааг өнгөрүүлдэг байсан. 1901 он хүртэл бүх зүйл үлгэрийн мэт өрнөж, тэд хэн бүхнээс хараат аз жаргалтай байсан ч, гэрлэлт гээч зүйл толгой дээр бууж ирэх нь тэр. Элиса хайрттайгаа гэрлэхийн тулд нэр зүсээ өөрчилж, өөрийгөө Марио гэж нэрийдэж, эр хүний  дүр төрхийг өөртөө шингээв. Үүний зорилго нь хуурамч бичиг баримттай болж, Марселаг гэргийгээ болгох юм.

1901 оны 6-р сарын 8-нд Марсела тухайн үед Марио нэрийн дор байсан Элисатай албан ёсоор гэрлэжээ. Тэдний энэхүү гэрлэлт сүүлд ил болж, ижил хүйсийн хүмүүс гэрлэсэн анхны тохиолдол хэмээн бүртгэгдсэн байдаг.

Тэдний нууц илэрч, хосууд зугтахад хүрэв

Тэдний гэрлэлтээс хойш төд удалгүй эргэн тойрны хүмүүс, хөршүүд нь хосуудын хачин жигтэй байдлыг анзаарах болов. Цаашлаад сонинд хүртэл тэдний тухай нийтлэл гарч, хотын захиргаанаас Мариог чухам эрэгтэй эсэхийг шалгах ажлыг эмчид үүрэгдэв. Тэдний нууц удаан хадгалагдаж чадалгүй илчлэгдэж, хосууд ажлаасаа халагдаж, цаашлаад баривчлагдахад тулж ирсэн байна.

Тэднийг хамтдаа зугтаж, Аргентин орсон гэх яриа байдаг.

Нарцисо де Габриелийн 2008 онд гаргасан номонд тэдний хайрын түүхийн төгсгөлийн тухай өгүүлсэн байдаг

Элиса, Марсела нар гэрээсээ зугтсаны дараа тэдний амьдрал хэрхэн өрнөсөн талаар мэдээ мэдээлэл ховор байдаг. 2008 онд түүхч Нарцисо де Габриэль “Elisa e Marcela – Alén dos homes” нэртэй ном гаргаж, тэдний хайрын түүхийн төгсгөлийг бичсэн байна.

Энэ номонд Элиса, Марсела нарыг цагдаад баригдаж, шоронд хоригдсон тухай гарах бөгөөд эцэст нь тэд суллагдах боловч амьдралын хатуу нугачаа, зовлон зүдгүүр тэднийг хайрандаа бууж өгөхөд хүргэсэн мэтээр дүрсэлжээ. Мөн Марио хэмээх нэрийг авсан Элисаг 1903 онд Кристиан Женсентэй гэрлэсэн хэмээдэг аж.

Хадагтай нарын хайрын тухай өгүүлэх кино

Элиса, Марсела нар хайрынхаа төлөө тэмцсэнээс хойш хэдэн арван жилийн дараа тэдний хүндэтгэлд зориулж кино бүтээсэн байна. 2019 онд “Elisa & Marcela” гэх кино дэлгэцнээ гарсан бөгөөд кино багийнхан багагүй судалгаа хийж явсаар, Марселагийн үр удам болох Норма Грациела Мурыг олсон байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!