Сүмийн дээврээс олдсон 1941 оны захидалд гайхалтай зүйлс бичигдсэн байжээ

Бельгийн Антверп хотод байдаг Гэгээн Жэймсийн сүм (St. James’s Church)-ийн дээвэрт засвар хийж байсан ажилчид хуучных гэмээр нэгэн захидал олжээ.

1941 оны 07-р сарын 21-ний өдөр буюу одоогоос 80-аад жилийн өмнө бичигдсэн энэхүү захидлыг жижигхэн шүдэнзний саванд хийгээд хэзээ нэгэн өдөр хэн нэгэн нь унших байх хэмээн санаж, сонирхолтой зүйлсийг бичиж үлдээсэн байв.

15-р зууны эхэн үед баригдсан гэгдэх энэхүү сүмийг 1941 онд Готик хэв маягаар ахин сэргээн засварласан байна.

Уг захианы доор 4 хүн гарын үсгээ зурсан байх бөгөөд Нидерланд хэлнээс орчуулсныг энд сийрүүлвэл: “1941 онд хотын тохижилтонд зориулж энэхүү сүмийн адрыг 26 метрийн урттай шатаар давхарлан өндөрлөж байна. Энэхүү адрыг ахин засварт оруулах юмуу будах үед бид энэ дэлхийгээс аль хэдийн явсан байх биз ээ.

Бид тийм ч сайхан амьдралаар амьдраагүй гэдгээ хойч үедээ хэлэх хэрэгтэй байх. 1914 болон 1940 онуудад хоёр ч дайны нүүр үзсэн бид энд өлбөрч үхэхийн даваан дээр, тэгээд бүр аяга хоол ч авч хүрэхгүй мөнгөөр хүчээр шахуу арайхийн ажиллаж байна.

Хойч үедээ зөвлөхөд ахин нэг дайн болох юм бол тэр үед харин голоо зогоочих хэмжээний хангалттай гурил, будаа, кофе, тамхи, үр тариатай байгаарай. Хамгийн сайнаараа амьдарч, хэрэгтэй гэвэл ахин нэг бүсгүйтэй байсан ч болно. Харин хэдийн гэрлэчихсэн бол орон гэрээ сайн арчлах ёстой шүү! Амжилт хүсье залуусаа!” гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!