Овъёосны 6 гайхалтай ид шид
Хоолны дэглэм барьж буй бүсгүйчүүд байнга овъёос идээд байдаг нь цаанаа учиртай. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, өег мэдрэмж төрүүлэх, өтгөн хатаахгүй байх гэх мэт олон ашиг тустай. Үүнээс гадна таны биед дараах ач тусыг өгнө.
1. Эслэгээр баялаг
Эслэг гэдэг нь шим тэжээллэг нүүрс ус бөгөөд цусан дахь сахар тогтворжуулах, гэдсэн дахь ашигтай бактерийг нэмэгдүүлэхээс гадна жин хасахад ч санаанд оромгүй их нөлөө үзүүлдэг. Ердөө тал цайны аяга овъёосонд 4 гр буюу бүтэн өдөрт авахад хангалттай эслэг агуулагдана. Өглөөний цайнд хүнсний эслэг идсэнээр хоол боловсруулах замыг цэвэрлэх, цээж хорсохыг намдаах, бүтэн өдөржин эрч хүчтэй явахад тусална.
2. Шим тэжээлээр баялаг
Магни, цинк, төмөр зэргийг агуулдаг учраас үрэвсэл намдаах, эрч хүч нэмэх, дархлаа сэргээхэд өндөр ач холбогдолтой. Мэдээж тогтмол хэрэглэж заншвал шүү дээ.
3. Цусан дахь холестринийг багасгана
Цусан дахь холестрин ихэссэнээр элэгний өвчлөл, зүрх судасны өвчлөл, таргалалт шууд үүснэ. Шууд гэдэг нь өөх тос, холестриноос биед шимэгдэж үлдэх ашигтай шим тэжээл бараг байдаггүй учраас тэгж нэрлэсэн хэрэг л дээ. Харин овъёосыг тогтмол хэрэглэснээр холестриныг түргэн хугацаанд задалж дээрх өвчлөлүүд үүсэхээс найдвартай сэргийлнэ. Мэдээж та өөх тостой хоол, цагаан гурилан бүтээгдэхүүнээ багасгах хэрэгтэй.
4. Урт удаан наслахад тусална
Мэдрэлийн системийн өвчлөл, зүрх судасны өвчин, жин хасахад тусалдаг хэрнээ шаардлагатай хүнд эрүүлээр жин нэмэх боломжийг ч олгодог. “Урт наслуулдаг” хоолнуудын жагсаалтанд албан ёсоор орсон байна.
5. Сахаргүй эрүүл хоол
Мэдээж та ямар овъёос авахаас шалтгаална. Шоколад, жимсний агууламжтай байх тусмаа нэмэлт сахар орсон гэсэн үг. Харин ямар ч нэмэлтгүй “хуучинсаг” овъёос л жинхэнэ ид шидээ үзүүлж чадна. Хэрвээ дангаар нь идэхэд хэтэрхий уйтгартай, амтгүй санагдаад байгаа бол чиа үр, хулууны үр, нэрс, гадил, бүйлс, цэвэр хар шоколад 2-3 хэрчим, анар жимс тэргүүтнээр хачирлаж болно.
6. Гурилыг орлоно
Овъёосны гурил хийх таны бодсоноос ч амархан гэдгийг мэдэх үү? Блендэртээ овъёосноосоо хийгээд 30 секунд ч хүрэхгүй хугацаанд эргүүлээд л ямар ч хоолонд хийж болох, эрүүл (цагаан гурилнаас лав хэд дахин эрүүл) овъёосны гурилтай боллоо.