Молокотой амтат боорцог хийх жор
Өглөөний цай уух бүртээ дэлгүүрээс талх боов худалдаж авна гэдэг утгагүй хэрэг мэт санагддаг. Энэ нь мөнгөнд хэмнэлтгүйгээс гадна эрүүл мэндэд ч тийм тустай байхгүй нь лавтай. Бүсгүй та өөрийн гараар молокотой боорцог бэлтгэж, хайртай гэр бүлийнхнээ дайлвал ямар вэ? Үнэхээр сайхан сонсогдож байгаа биз. Та одоо молокотой боорцог хийх аргыг хадгалж аваад, өнөөдөр заавал хийж үзээрэй.
Орц:
- Молоко – 1 лааз
- Өндөг – 2 ширхэг
- Давс – чимх
- Хүнсний сода
- Гурил
- Ургамлын тос
Хийх арга:
Өндгөө хагалж, дээр нь молоко, давс, тэгээд гурилаа бага багаар хийж зуурна. Хэт наалдсан биш болтол нь гурилаа хийсээр байх хэрэгтэй. Ингээд болсон гэж бодсон үедээ гурил хийхээ зогсоож зуураарай.
Одоо мэдээж гурилаа таглаж, хэсэг амраах хэрэгтэй. Амраасан гурилаа авч, урт нарийн болгон зүсч, 2-3 см урттай болгож жижиглэн хэрчинэ. Жижиглэсэн гурилаа халаасан тосонд хийж шараарай. Хоёр талаасаа алтан шаргал болоод ирмэгц гаргаж авна.