Би хүүхдэдээ дэлгүүрийн зайдас идүүлэх маш дургүй. Тиймээс гэртээ амттай зайдас хийж өгдөг. Та ч бас хүүхдэдээ хийж өгөөрэй

Дэлгүүрээр зарагддаг зайдас амт болоод чанарын хувьд тийм ч сайн биш. Тиймээс би хүүхэд гэлтгүй гэрийнхэндээ идүүлэх дургүй. Харин хүүхэд маань зайдас идье гэж нэхвэл би гэртээ л хийгээд өгчихдөг шүү. Их амттай болдог. Манай гэрийнхэн ч бас идэх дуртай байдаг. Тиймээс эзэгтэй нар маань амралтын өдрөөрөө амттай зайдас хийгээд үзээрэй.

Орц:

  • Гахайн мах – 400 гр
  • Үхрийн мах – 400 гр
  • Өөх – 200 гр
  • Өлөн – 1 багц
  • Давс – 2 цайны халбага
  • Хар перец – тал цайны халбага
  • Нунтаг лаврын навч – тал цайны халбага
  • Гоньд – тал цайны халбага
  • Хүнсний сода – 1 цайны халбага
  • Цагаан цуу – 3 цайны халбага
  • Сармис – 8 хумс

Хийх арга:

  • Гахайн махаа жижиглэж хэрчээд, махны машинд хийнэ. Үхрийн мах болон өөхөө ч мөн адил машиндаж гаргаарай.
  • Үүн дээрээ давс, перец, гоньд болон лаврын навчаа хийгээрэй. Сармисаа хальсалж, жижиглэн үрээд махан дээрээ нэмж базна.
  • Өлөнгөө угаана. Сода болон цагаан цуутай усанд хийж хэсэг байлгаарай. Дараа нь хүйтэн усанд угаана.
  • Угаасан өлөнгөө махны машины аманд хийж барьна.
  • Одоо амталсан махаа ахин махны машинд хийж эргүүлэх бөгөөд энэ нь явсаар өлөнд орох юм.
  • Ингээд зайдсаа бага багаар тасалж, амсарыг нь бооно.
  • Таны зайдас ингээд бэлэн болох бөгөөд та үүнийг шарж, жигнэж, чанаж гэхчлэн төрөл бүрээр амтлан идэж болно.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!