Шидэт үгс: Хүүхдэдээ өдөр бүр энэ 6 үгсийг хэлж байгаарай
Хайран дунд өссөн хүүхэд зөөлөн сэтгэлтэй, сайн хүн болж өсдөг гэдэг. Харин та хүүхдээ өр зөөлөн, зөв хүн болгож төлөвшүүлэхийн тулд харьцаан дээрээ анхаарах хэрэгтэй. Та хүүхэдтэйгээ хэрхэн харьцахаа мэдэхгүй бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Өдөр бүр хүүхдэдээ эдгээр үгсийг хэлж байвал, хүүхэд тань тун ч эелдэг, гэгээлэг болж өсөх юм.
- Би чамдаа хайртай
Манай эцэг эхчүүд хүүхдээ бага балчих байхад нь л хайртай гэдгээ хэлж байдаг. Харин том болох тусам хүүхдэдээ хайртай гэж хэлэх нь багасдаг шүү дээ. Тэгвэл таны хүүхэд 5 настай эсвэл 13 настай байсан ч өдөр бүр хайртай гэдгээ хэлж байгаарай. Тэр сайхан хайрыг мэдэрч байгаа хүүхэд аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн өдрийг өнгөрүүлнэ.
- Би чамаараа бахархаж байна
Хүүхдэд урам өгч байх нь хамгийн чухал. Энэ нь таны хүүхдийг өөртөө итгэлтэй, хүчирхэг болж төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэх юм. Тиймээс таны хүүхэд том жижиг хамаагүй ямар нэгэн зүйлийг сайн хийж гүйцэтгэсэн бол урмын үгээр мялаахаас бүү татгалз.
- Зүгээр дээ, дахиад нэг хийгээд үз
Хүүхдээ нэг удаа алдахад л буруутгаж, зэмлэхийн оронд алдаанаасаа суралцах тухай тайлбарлаж өгөөрэй. Үргэлж хүүхдээ зэмлэж загних нь өөртөө итгэлгүй бүрэг болгох аюултай. Мэдээж та ч бас хүүхдээ тийм болоосой гэж хүсэхгүй л байгаа биз дээ. Хэчнээн бухимдаж байлаа ч хүүхдээ үгийн муухайгаар загнихын оронд учирлаж ойлгуулж байгаарай.
- Би чамд итгэж байна
Хүүхдэдээ итгэж байгаагаа өдөр бүр хэлж байх нь түүнийг хариуцлагатай, зөв төлөвшилтэй болгоно. Тиймээс за чи яаж чадах вэ дээ гэхчлэн муухай үг хэлэхийн оронд юу юунаас илүү үнэ цэнэтэй итгэл өгч байгаагаа ойлгуулаарай.
- Баярлалаа
Таны хүүхэд хэдэн настай байх нь хамаагүй “баярлалаа” гэж үргэлж хэлж байгаарай. Хүүхэд тань гар утсыг тань авчирч өгсөн байлаа ч баярлалаа гэж хэлэхээ мартаж болохгүй. Үүнээс хүүхэд бусдад туслах хэчнээн сайхан болохыг мэдэрнэ.
- Чи минь надад байгаад ээж нь, аав нь маш их талархаж явдаг
Хүүхэд гэрээсээ гадуур ямар ч хэцүү бэрх зүйлстэй нүүр тулж болно. Тиймээс та ядаж гэртээ хүүхдийнхээ сэтгэлийг засч, тэр ямар үнэ цэнэтэй болохыг нь ойлгуулж байгаарай. Үнэ цэнээ мэдсэн хүн юунаас ч айхгүй, итгэл төгс байдалтайгаар амьдралыг үргэлжлүүлдэг.