Карентины өдрүүдэд гэртээ хийж болох сонирхолтой зүйлс

Хөл хорионы өдрүүдийг та хэрхэн өнгөрүүлж байна даа? Арай орноосоо босохгүй хэвтсээр, олигтой хийсэн ч зүйлгүй интернэт ухсаар өдөр хоногийг элээж байгаа юм биш биз дээ? Тэгвэл одооноос үлдсэн хоногуудыг илүү үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. Чухам юу хийхээ мэдэхгүй байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Та бүхэндээ хөл хорионы өдрүүдэд гэртээ хийж болох зүйлсийг танилцуулж байна.

Хөнгөн дасгал хөдөлгөөн

Дасгалыг заавал зааланд, фитнесд хийнэ гэсэн зүйл үгүй. Юм хөгжсөн болохоор яг л таны дэргэд байгаа мэт урамшуулж, түлхэж өгөх дасгалын багш онлайнаар хичээл заадаг болсон. Тэд нарыг дагаад өдөрт ердөө 30 минут идэвхитэй хөдөлж, хөлсөө гаргаж байгаарай. Дасгал хөдөлгөөн таны дархлааг дэмжиж, таргалалтаас сэргийлж, эрч хүч бэлэглэж, сэтгэл санааг ч дээрдүүлдэг. Ийм олон ашиг тусыг олж авахад ердөө 30 минут хангалттай.

Төрөл бүрийн хоол хийж үз

Фэйсбүүк ганц гүйлгэх төдийд амттай хоолны жорууд төрөл бүрээрээ хөглөрч байдаг шүү дээ. Тэднээс ганцыг барьж аваад тэр өдрөө хийгээд үз. Мөн өнгө өнгөөр алаглах амттай салат, хоол, амттаны жоруудыг хуваалцдаг эзэгтэй нарын группууд ч байдаг учир тэнд орж, бүтээлч бүсгүйчүүдээс суралцаж, өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.

Ном унших

Дуртай номоо барьж аваад, цаганд баригдалгүйгээр уншиж суух хэчнээн жаргалтай гэж санана. Одоо л олдсон боломжоо ашиглаж, дуусгаж чадаагүй орхисон номнуудаа дуусгаж, унших юмсан гэж бодож явсан номнуудаа барьж аваарай.

Шилдэг цувралууд үз

Танд “Netflix” хаяг байдаг уу? Байхгүй бол бүртгүүлээд, дэлхийн шилдэг кино, цувралуудыг үзээрэй. Танд санал болгох цуврал бол Испанийн алдарт “Money Heist” цуврал юм. Нийт 4 бүлгээс бүрдэх тус цуврал таныг хором ч уйдаахгүй бөгөөд адерналин ялгаруулж, сандрааж, гайхшруулж, уйлуулж маш олон сэтгэл хөдлөлийг гаргах болно.

Тэмдэглэл бич

Хүмүүс өдрийн тэмдэглэл гэхээр яг л тэр өдөр болсон явдлуудаа буулгахын нэр гэж ойлгодог. Гэхдээ одооноос тэмдэглэл бичихдээ тухайн үед өөрт төрж буй мэдрэмжээ хуваалцаж, цаасан дээр буулгаж байгаарай. Цаасан дээр бичих тусам сэтгэл бөглөрөөд байсан хүнд оргиод, давчаад байсан мэдрэмж үгүй болж, тайвширч, сэтгэл сэргэнэ. Тийм ч учраас маш олон сэтгэл зүйчид хүмүүсийг мэдрэмжээ ил гаргаж, тэмдэглэл хөтлөхийг зөвлөдөг. Та ч бас хөл хорионы өдрүүдийг ашиглаж, үүний өөртөө дадал болгоорой.

Шинэ хэл сурах

Би хэл сурах хэрэгтэй. Хэл сурмаар байна гэж явсаар өнөөдрийг хүрсэн үү? Тэгвэл яг өнөөдөр л эхэл. Багш, ном бичиг хэрэгтэй гэж шалтаг тоочих хэрэггүй. Учир нь интернэт таны багш болох болно. Та ямар ч хэлийг интернэт ашиглаж сурах боломжтой төдийгүй хэл сурахад туслах төрөл бүрийн аппликейшн байдаг. Тэдгээрийг утсандаа татаж аваад, өөртөө дадал болгож, өдөрт 2 цагийг гаргаж өгөөрэй.

Бужо дэвтэр хөтлөх

Ялангуяа манай бүсгүйчүүдэд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Бужо дэвтэр хөтөлж, өдөр бүр өнгө өнгөөр будаж чимэглээд, онцгой тохиолдсон үйл явдлуудаа тэмдэглээд яваарай. Мөн зарим хуудсан дээр нь дуртай дуучин, жүжигчин, хүндэлж явдаг хүмүүсийнхээ тухай бичиж, фактуудыг ч мөн хавсаргаарай. Өөр нэг хуудсан дээр таалагдаж, сэтгэлд хоногшсон ном, киноны тухай ч бичиж болно.

Одоо энэ хуудсыг яаж гоё харагдуулах вэ гэх бодлоос л таны бүтээлч байдал ундарч эхлэх болно. Дэвтрийнхээ аль нүүрийг ямар онцгой зүйлээр дүүргэх вэ гэдгийг бодож эхэлснээр та үргэлж шинийг сэтгэх, өнгө будгийг хослуулах аргыг олж авна.

Та жилд нэг бужо дэвтэр эхлүүлээд үз. Хэдэн жилийн дараа эргээд харахад ямар гайхалтай дурсамж байх бол? Ямар өдөр хэнтэй уулзаж, юу хийж явснаа харахад сэтгэл хөдлөх болно. Та хэзээ ч үл мартагдах дурсамжийн номтой боллоо л гэсэн үг.

Гэрийнхэнтэйгээ хөгжилтэй цаг хугацааг өнгөрүүл

Энэ олдсон боломжийг ашиглаж, гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно байгаарай. Орой бүр хоолны дараа ширээ тойрч суугаад тоглоом тоглож, хамтдаа кино үзэж, цагийг сонирхолтой байдлаар өнгөрүүлж, олон дурсамж бүтээгээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!