“Netflix”-ээс үзэж болох шилдэг 10 цуврал

Өнөөдөр та бүхэндээ “Netflix”-ээс үзэж болох шилдэг цувралуудыг танилцуулж байна.

“You”

Сэтгэл зүйн триллер ба романтик инээдмийн киног чадварлагаар хослуулж чадсан энэхүү кино нь номын дэлгүүрийн ажилтан Жо ном нэг бүрийг шимтэн сонирхох Гвиневер Бек гэх бүсгүйд ухаангүй дурласнаар үйл явдал эхэлнэ. Гэхдээ энэ бидний мэддэг энгийн хайрын түүх биш. Жо бүсгүйг өөрийн болгох нарийн төлөвлөгөөт аргуудтай. Түүнийг мөрдөж, гэрт нь хүртэл нууцаар орж бүх мэдээллийг гартаа оруулж аваад, аажим аажмаар өөртөө дурлуулна. Харин тэдний хайр дурлалд саад болсон хэн ч байсан Жогийн гарт амиа алдах болно.

“Bojack Horseman”

2014 оноос эхлэн гарсан энэ цувралын эхний улирал зүгээр л байдаг л цуврал мэт үнэлгээтэй байсан ч улирал ахих тусам хүнд тохиолдож болох бүх сэтгэлийн хүнд хэцүү зүйлсийг гайхалтай зохиолоор харуулсаар шүүмжлэгчдээс ч өндөр үнэлгээ авсан.

Гол дүр Bojack нь 90-ээд онд цувралаар нилээн од болсон ч түүнээс хойш архи, ганцаардал, сэтгэл гутралд орж, өөрийгөө дахин амжилттай жүжигчин гэдгээ батлахын төлөө зүтгэнэ. Гэхдээ яг үнэндээ өөрийгөө батлах биш өөрийнхөө ганцаардлаас гарах, хүнээр дахин хайрлуулах гэсэн оролдлого хийж байгаагаа ухаардаг. Хүн бүрт тохиолддог ч, бидний чимээгүй өнгөрдөг сэтгэл зүйн асуудлуудыг сайн гаргаж өгсөн гэдгээрээ алдартай. Энэхүү цуврал таныг уйлуулж, инээлгэж, гайхшруулж бас ганцаардуулж чадна.

“The Crown”

II Элизабет хатан хааны хүүхэд насны амьдрал, хатан хаан болон хунтайж Филипп нарын харилцаа, Их Британийн эзэнт гүрнийг удирдан залах үйл хэргийн тухай болоод гэр бүлийн амьдрал дахь “хөшигний ар”-ын түүхүүдийг үзэх боломжтой.

“The Crown” цувралд тэрбээр хааны гэр бүлийн нэр төрийг гутаасан дүү, зугаалах дуртай нөхөр, хэт туршлагатай Черчилль болон түүнээс маш их зүйл хүлээж байгаа ард түмэнтэй тулгарна. Энэ бүх асуудлын зэрэгцээ хатан хаан өөрийн улс орноо нэр төртэйгөөр удирдахыг зорино.

“Sex education”

Отисын ээж бол нээлттэй, чөлөөтэй сэтгэхүйтэй, хүмүүст бэлгийн боловсролын талаар зөвлөгөө өгдөг нэгэн. Харин Отис өөрийгөө үл оршигч мэт чимээгүйхэн өдөр хоногийг өнгөрүүлж явахад л хангалттай гэж боддог өсвөр насны хүү. Тэрээр нэгэн удаа санамсаргүй байдлаар өөртөө гутарч, яахаа мэдэхээ больсон охинд ээжээсээ сурч авсан хэдэн зүйлсээ нэгтгэж, бэлгийн боловсролын зөвлөгөө өгч, асуудлыг нь шийдвэрлэж чадсанаар, сургуулийнхаа асуудалд орсон хүүхдүүдэд туслаж эхлэх болно. Энэ бол түүний шинэхэн бизнес. Анги бүр дээр гарах хөгжилтэй, сонирхолтой үйл явдлууд цаагуураа маш олон шударга бус зүйлсийн дуу хоолой болж, чөлөөт нийгэмд амьдарч байгаа биднийг цаг үетэйгээ хөл нийлүүлээч гэх мессежийг өгөх болно.

“Orange Is the New Black”

Netflix-ийн хамгийн алдартай цувралуудын нэг бол яахын аргагүй “Orange Is the New Black” юм. Эмэгтэйчүүдийн шоронгийн тухай гардаг энэхүү инээдмийн, утга уянгын, олон ангит кинонд бүсгүйчүүдэд тулгардаг бүхий л асуудлууд хөндөгддөг. Шоронгийн амьдралыг өөдрөг талаас нь харуулахыг хичээдэг “Orange Is the New Black” цувралын үйл явдалд гол дүрийн бүсгүй хилс хэргээр хоригдох ял авдаг. Тэрээр шоронд хоригдсоноор төрөл бүрийн хувь тавилантай эмэгтэйчүүдтэй учирч, өөрийгөө шинэ өнцгөөс нээх болно. Мэдээж хэрэг шоронд хоригдсон аливаа хүн өөрийгөө хамгаалах шаардлагатай болдог тул энэхүү бүтээлээс та бүхэн маш хүчирхэг, бие даасан, тэр ч бүү хэл эрх чөлөөтэй эмэгтэйчүүдийг олж харах юм.

“The Queen’s Gambit”

“The Queen’s Gambit” гарсан даруйдаа Netflix-ийн хамгийн их үзэгчтэй цуврал хэмээн нэрлэгдэх болсон. Элизабет Хармон охин 9 насандаа өнчирч, асрамжийн газарт ирнэ. Дуу цөөтэй, гоц ухаантай охин шатранд дурлаж, насандаа баймгүй чадвартай болно. Өргөж авсан ээжийнхээ хамтаар дэлхийн томоохон тэмцээнүүдэд оролцож, дэлхийн шилдэг тамирчин болох бөгөөд тэр урт замын хугацаанд Бетэд тохиолдох зүйлс, хэцүү бэрх, сэтгэл хөдөлгөм үйл явдлууд киног улам бүр чимж өгчээ.

“Money Heist”

Өөрийгөө Пропессор гэж нэрлэсэн эр хулгай, компьютер програм, хуурамч мөнгөн дэвсгэрт бүтээгч гэх зэрэг чиглэлд мэргэшсэн 8 хүнийг цуглуулж, хамтдаа банк дээрэмдэх бэлтгэл ажилд орно. Тэдний хийх үйлдэл бүр нарийн тооцоологдсон байх төдийгүй цагдаа нарын хийх үйлдлийг ч тэд мөн тооцоолсон. Ямар ч алдаа гаргах эрхгүй багийн ажиллагаа амжилттай болж чадах болов уу? Анги бүр нь сандаргаж, адерналин ялгаруулж, сэтгэл хөөргөж, үл тайван суулгана.

“Elite”

Баячуудын сургуульд шинээр шилжиж ирэх 3 сурагч. Тэд мэдээж эгэл жирийн энгийн гэр бүлээс гаралтай. Самуэл шилжиж ирсэн даруйдаа сургуулийн хамгийн алдартай нэгэн болох Гузмантай сөргөөцөлдөнө. Тэрээр Гузманы дүү охин болох Маринатай үерхэж эхэлснээр, асуудал улам бүр ээдрээтэй болж ирнэ. Тэдний гурвалжин, дөрвөлжин хайр дурлал эцэстээ Маринаг бусдын гарт амиа алдахад хүргэх бөгөөд түүнийг хэн хөнөөсөн нь нууцлаг хэвээр үлдэж, энэ бүхний зангилааг тайлах ажил танд үлдэнэ.

“Love Alarm”

Танд хайртай нэгэн ойртоход утсанд танд мэдээлэл ирдэг бол ямар вэ? Жожо бол эцэг эхээ эрт алдсан, эгчийнхээ хатуу гарыг харж, хичээлээсээ гадуур ажиллаж, эмээгийнхээ эмнэлгийн төлбөрийг сар бүр алгасалгүй төлдөг ч, инээмсэглэж, эрч хүчтэй амьдардаг нэгэн. Үеийн хүүхдүүд нь бүгд “Love Alarm” утсандаа суулгаж, хэн надад сайн бол гэж хором бүрт шалгаж байхад, тэр үүнийг сонирхож харахчгүй. Харин түүний амьдралд ханхүү мэт нэгэн залуу орж ирсэн нь бүхнийг өөрчилнө. Тэдний атаархам төрүүлэм хэдий ч адармаатай хайрын түүх таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

“Kingdom”

Хэзээ ч хуучирдаггүй кино ертөнцийн бас нэгэн сэдэв бол зомбинууд. Өмнөд Солонгосын “Kingdom” цуврал зомбинуудыг илүү бодитой, бүр аймшигтай болгож, цоо шинэ түвшинд хүргэжээ. Дундад зууны үеийн Солонгост үхсэн хүмүүсийн цогцоснууд учир битүүлгээр амилснаар улс орон даяар аюул нүүрлэнэ. Зомбинуудаас гадна хаан ширээний төлөөх тэмцэл, далд явуулга зэрэг маш сонирхолтой үйл явдал энэ кинонд өрнөдөг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!