Өөр өөр айлуудад зарагдсан хүүхдүүдийн хатуу хувь тавилан

1948 онд бага насны хүүхдүүдээ зарж борлуулж байгаа эмэгтэйн зураг Америк дахь бараг бүх сонинд нийтлэгдэв. Энэ зүрх шимшрэм зургийн ард ямар илүү эмгэнэлтэй түүх буй. Өөр өөр айлуудад зарагдсан хүүхдүүдийн хувь тавилан хэрхэн эргэсэн бол?

1948 оны 8-р сарын 4: Иллиной мужийн Чикаго хот: Ноён, хатагтай Чалифуксийн бага насны хүүхдүүдийг худалдах зар гарав. Ачааны машины жолооч 40 настай Рэй болон түүний тав дахь хүүхдээ тээж байгаа, 24 настай эхнэр Люсилл нар бага насны дөрвөн хүүхдээ худалдах тухай зар тавьжээ.

Рэй ажлаасаа халагдсаны дараа тэднийг ядуурал бүрэн нөмөрч авав. Олон сарын турш мөнгө олох гэж, гэр бүлээ тэжээх гэж зүтгэсээр ямар ч гэрэл олж хараагүй Рэй цөхрөнгөө барж, хосууд ярилцан хүүхдүүдээ зарахаар шийдвэрлэсэн байна. Магадгүй тэд хүүхдүүдээ харанхуй мухарт өлсөж суухаас илүү сайхан амьдралыг олж чадна хэмээн итгэсэн байх.

2-6 насны өхөөрдөм хүүхдүүд, юу болж байгааг ч үл ухаарсан өнгө аястай нэгнээ тэврэн сууна. Тэдний хажууд хүүхдүүд зарна гэсэн том самбар, мөн камераас нуугдах ээж нь харагдана. Хамгийн том нь Лана, 6 настай. Таван настай Рэй Анна эгчдээ тэврүүлэн суух бол, доор нь дөрвөн настай Милтон, ердөө хоёрхон настай бяцхан Сью Эллен нар зурагт дүрсээ үлдээжээ.

Энэ тухай мэдсэн хүмүүс тэдэнд туслахыг хүсч, санхүүгээр туслаж, ажлын байр ч олгох хүсэлтэй байсан. Гэсэн ч 2 жилийн дараа гэхэд зурган дээр байгаа 4 хүүхэд, нэмээд хэдхэн сарын дараа эхээсээ мэндэлсэн өөр нэг хүү Бедфордтой нийлэн, 5-уулаа зарагдсан байна.

Төрсөн эх нь тэднийг мөнгөөр бусдад зарсан? Энэ ямар мэдрэмж төрүүлэх бол?

Олон арван жилийн дараа сэтгүүлч гашуун хувь тавилантай эгч дүүсийг олж, тэднийг хэрхэн амьдарч ирснийг сурвалжлах ажилдаа оржээ.

Рэй Анна болон Милтон

1950 онд долоон настай Рэй Анна охиныг тариачин Жон, Рут Зоэтман нарын гэр бүл худалдаж авчээ. Милтон эгчээсээ салахыг хүсээгүйдээ уйлж, битгий яваач гэж гуйж байсан тул хосууд Милтонг ч бас авч явахаар болов. Тэд охин, хүү хоёрын нэрийг Беверли, Кеннет гэж сольжээ. Хүүхдүүдийг гэртээ аваачсан даруйдаа амбаарт амьдруулж, өдөр нь газар тариалангийн ажил хийлгэж, зодож, зарц мэт үздэг байсан аж.

Милтоны хэлснээр тэднийд очсон эхний өдөр “өргөж авсан” эцэг нь түүнийг боож, зодож, энэ цагаас эхлэн чи миний боол хэмээж. Хэд хоногийн дараа Жон буюу өргөж авсан эцэг нь түүнийг барьж аван, саравчинд хүлж зодсон байна. Цөөнгүй өдөр хүүг хорьж, зөвхөн сүү болон газрын самрын тосоор хооллосон бөгөөд Милтон юунд түүнийг ингэж шийтгэж байгааг асуухад Жон ирээдүйд гарч болзошгүй аюулаас сэргийлж, урьдчилсан арга хэмжээ гэж хариулжээ.

Ийм байдалтай олон жилийг өнгөрүүлсэн хүү тэсгэл алдарч, 17 насандаа гэрээсээ явсан байна. 21 настайдаа тэрээр төрсөн ээжтэйгээ уулзсан бөгөөд тэр үед ээж нь ааваас нь салчихсан, ахин гэрлэж, 4 хүүхэд төрүүлсэн байв. Мелтон хэсэгтээ төрсөн ээжийндээ амьдрах болсон ч, ээжийнх нь нөхөр түүн рүү гар далайж, мөн ээж нь хүүд огтхон ч санаа тавихгүй, танихгүй нэгэн мэт хандаж байсан нь Мелтоныг тэднийхээс явах хэрэгтэйг ойлгуулав.

Мелтон Чикагогоос явж, гэрлэсэн бөгөөд эхнэртэйгээ хамт Аризона руу нүүж, тэндээ суурьшжээ.

Рей Аннаг 17 настай байхад нь үл таних этгээд хулгайлж, хүчиндсэн байна. Зоэтманы гэр бүл түүнийг жирэмсэн болсныг мэдээд Мичиган руу, хүүхэдтэй ганц бие эмэгтэйчүүдийг хамгаалах байранд илгээжээ. Охин тэнд хүүхдээ төрүүлсэн боловч хүүхдийг нь түүнд өгөлгүй Рейг ферм руу нь буцааж явуулсан аж. 2013 онд Рей 70 настай байхдаа 63 настай дүү Сьютэй уулзжээ.

Бедфорд

Бедфорд 1949 онд мэндэлсэн бөгөөд түүнийг 2 настай байхад худалджээ. Түүнийг хүүхдүүдгүй байсан МакДаниэлс албан ёсоор өргөж авсан юм. Үрчилж авсны дараа түүний нэрийг өөрчилсөн бөгөөд түүний нэрийг Дэвид гэдэг.

Азаар түүнийг өргөж авсан аав ээж нь хүүг ихэд хайрладаг байв. Тэд Рэй, Милтон нарын өссөн Зоэтманы фермээс хэдхэн км-ийн зайд орших Уитфилдэд амьдардаг байсан бөгөөд хэд хэдэн удаа унадаг дугуй, мориор ах эгчийнхээ амьдардаг газрын орчмоор эргэлдэж, тэднийг хардаг байсан аж. Харамсалтай нь Бедфорд очих бүрт ах эгч хоёр нь ажил хийж, зодуулж эсвэл хүлүүлсэн байдалтай сууж байдаг байв.

Одоо тэр Вашингтонд амьдардаг, жолооч хийдэг. Эгч дүү нар 2013 онд хамтдаа уулзахаар төлөвлөж байсан боловч том эгч Лана нь нас барсан байсан бөгөөд удалгүй 7 хоногийн дараа эгч Сью Эллен таалал төгсчээ.

Рэй Анна болон Сью Эллен

Зарагдах болсон хүүхдүүдийн түүхийг бичихээр судалж эхэлсэн сэтгүүлчийн ачаар Рей 70 насандаа дүүтэйгээ уулзжээ. Тэр үед Сью өвчтэй байсан бөгөөд ярих чадвараа алдсан, зөвхөн бичгээр бусадтай харилцдаг байв.

Олон жилийн дараа нэгнээ харсан эгч дүүсийн уулзалт баяр хөөр басхүү гунигийн нулимсан дунд үргэлжлэв.

Рей айлд зарагдахдаа өмсөж байсан даашинзаа одоо ч хадгалдах гэх бөгөөд ээж нь түүнд үүнээс өөр юу ч өгч явуулаагүй аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!