Өөртөө итгэлгүй, зориггүй хүмүүсийн шинжүүд

Өөртөө итгэлгүй байдал хүнийг юунд хүргэж болох вэ? Үргэлж үүнийгээ нуух гэж, халхлах гэж оролдох нь улам бүр сэтгэл санааг хүнд байдалд оруулна. Өнөөдөр та бүхэндээ өөртөө итгэлгүй хүмүүсийн шинж байдлуудыг хүргэж байна.

Үргэлж эерэг, өөдрөг байхыг хичээнэ

Эерэг байх мэдээж сайн зүйл. Гэхдээ үргэлж ийм байх гэж хичээх нь өөртөө итгэлгүй байдлаа нуух нэгээхэн маск болж өгдөг аж. Хэцүү байсан ч үүнийгээ илэрхийлж чадахгүй, хэлмээр байвч хэлж чадахгүй зүгээр л инээмсэглэлээр бүх зүйлийг халхална. Энэ бол өөртөө итгэлгүй, зориггүй хүний зан чанар юм.

Төгс байдлыг эрхэмлэнэ

Төгс төгөлдөр байдал нь өөрийгөө үнэлэх чадваргүй байдлын үр дүн байж болно. Өөртөө хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй хүмүүс төгс байхыг цаг ямагт хичээдэг. Гэрээ бохир байхыг харж тэвчдэггүй, ажлаа дутуу хийхийг өөртөө зөвшөөрдөггүй шалтгаан нь бусдаас ирэх үгс, шүүмжлэл зэрэг аж. Өөртөө итгэлгүй тул тэдний өөдөөс зөрчилдөж чадахгүй, өөрийгөө өмөөрч чадахгүй тул зүгээр л бүхнийг төгс байлгаж, бүхний амыг таглахыг хүснэ.

Бусдаас шүүмжлэл сонсож чадахгүй

Өөртөө итгэлгүй хүмүүсийн тухайд ажлынх нь талаар удирдлагууд санал шүүмж хэлэхэд үүнийг шууд өөрийн хувь хүний зан чанар дээр тусгаж авдаг. Дүгнэж хэлэхэд бусад хүмүүсийн шүүмжийг хүлээн авч чаддаггүй, хүмүүс таныг буруутгаж эхлэх төдийд зүрх түргэн цохилж, үг хэлж чадалгүй өрөөг орхимоор санагдана.

Үгүй гэж хэлж чаддаггүй

 

Хүмүүст туслана гэдэг сайн хэрэг. Гэхдээ хүмүүст ашиглуулж амьдрана гэдэг утгагүй. Өөрөө хэчнээн дургүй, хийхийг хүсэхгүй байсан ч, өөрийн хүсэл сонирхлыг үл тоож, бусдын санал хүсэлтийг хүлээж авна. Үгүй гэж хэлж чаддаггүй гэдгийг нь мэддэг хүмүүс чих зөөлөн байдлыг нь ашиглаж, хувийн хамаг ажлаа хийлгэнэ. Сүүлдээ нэг л өдөр та өөрийнхөөрөө амьдарч чадаагүйдээ харамсаж, өөртөө улам бүр гутарна.

Хүмүүсийн санаа бодлыг хэт өөртөө тусгадаг

Өөрт нь таалагдаж байсан ч, энэ нь хүмүүст таалагдах боловуу гэж санаагаа чилээнэ. Хүмүүсийн бодол таны хувьд маш чухал. Тэднийг юу гэж бодох бол, юу гэж дүгнэх бол, юу гэж хэлэх бол гэдгээс ямагт эмээж амьдардаг. Шинэ хувцас авахдаа хүртэл заавал бусдаас асуудаг. Энэ нь таныг өөртөө итгэлгүй нэгэн гэдгийг илтгэнэ.

Хэтэрхий их зүйл ургуулан боддог

Хэрэггүй зүйлс бодож төсөөлж, ургуулж өөрийгөө зовооно. Хэзээ ч тархиа амрааж, тайван сууж чаддаггүй.

Бусдыг буруутгана

Хэзээ ч өөртөө бурууг авч, хүлээн авч чаддаггүй. Асуудалд ямагт буруутан олж чадах бөгөөд бүх асуудлыг өөрөөсөө холдуулна. Өөрийн бодит байдлаа хүлээн зөвшөөрч чаддаггүй нь тэдний хамгийн том сул тал юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!