Үзэгчдийн зүрхний цохилтыг түргэсгэж, хамгийн их айлгасан 10 кино

Аймшгийн кинонд дурлагч хүмүүс анхаарлаа нааш нь хандуулаарай. “BroadbandChoices” платформ нь үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан кинонуудын жагсаалтыг гаргажээ. Мөн тухайн киног үзэхэд хүмүүсийн зүрхний цохилт хэр хурдассан болохыг хэмжиж, нэг ёсондоо үзэгчдийг хамгийн их айлгасан кинонуудын жагсаалтыг гаргасан байна.

10-р байр: “The Visit”, 2015 он

  • IMDb оноо – 6.2
  • Зүрхний цохилт: 79-100 bpm

15 настай Бекка, 13 настай Тайлер нар өвөө эмээ дээрээ зочилно. Тэд хөгжилтэй, халуун дулаан уур амьсгалтай жаргалтай байсан ч, нэг зүйл хачирхалтай санагдаж эхэлнэ. Эмээ өвөө нь тэднийг 21:30-аас хойш өрөөнөөсөө гарахыг хориглодог. Хүүхдүүд ямар нэгэн нууц байгааг анзаарч, олж мэдэхээр шийднэ.

9-р байр: “The Descent”, 2005 он

  • IMDb оноо – 7.2
  • Зүрхний цохилт: 79-122 bpm

Идэвхитэй амьдралыг эрхэмлэгч, зоригтой охид ууланд гарахаар шийднэ. Тэд ууланд алхаж яваад нэгэн нууцлаг агуй олох бөгөөд юу байгааг сонирхож дотогш орох төдийд гарц нь чулуугаар хаагдана. Гарах гарцгүй болсон охид тун удахгүй тэр агуйд өөр хэн нэгэн байгааг анзаарах болно.

8-р байр: “The Babadook”, 2014 он

  • IMDb оноо – 6.8
  • Зүрхний цохилт: 80-116 bpm

Амелиа бол Сэм хэмээх 6 настай хүүгийн ганц бие ээж юм. Нөхөр нь нас барсан өдөр хүү нь мэндэлсэн бөгөөд Сэм эргэн тойрон мангас харах болж, ээжийгээ айлгана. Хүү нь нэг удаа ээжийгээ “Babadook” хэмээх мангасын тухай өгүүлэх ном уншиж өгөхийг хүсэх ба тэр номыг уншсанаас хойш мангасууд зүгээр ч нэг зохиолын дүр байхаа больно.

7-р байр: “Conjuring 2”, 2016 он

  • IMDb оноо – 7.3
  • Зүрхний цохилт: 80-120 bpm

Алдарт “Conjuring” киноны үргэлжлэл бөгөөд энэ удаад Уорренс сүнсэнд эзэмдүүлсэн 4 хүүхдийн ээжинд тусална.

6-р байр: “It Follows”, 2014 он 

  • IMDb оноо – 6.8
  • Зүрхний цохилт: 81-93 bpm

Коллежийн залуутайгаа хэд хэдэн удаа болзсоны дараа Жей түүнийг ямар нэгэн хачирхалтай зүйл дагаад байгааг ухаарна. Тэрхүү хачирхалтай зүйлийн гол зорилго Жейг алах бөгөөд амь мултрахын төлөөх тэмцэл киног онц сонирхолтой бас айдас дүүрэн болгоно.

5-р байр: “Paranormal Activity”, 2007 он

  • IMDb оноо – 6.3
  • Зүрхний цохилт: 82–127 bpm

Залуу хосууд (Кэти, Мика) хотын зах руу нүүж ирнэ. Тэдний тайван амьдралыг байшин дахь хачин жигтэй дуу чимээ сүйтгэнэ. Нөхөр Мика нь тэднийг унтаж байхад гэрт нь чухам юу болж байгааг олж мэдэхийн тулд камер суурилуулж, бүхнийг ил болгоно.

4-р байр: “Hereditary”, 2018 он

  • IMDb оноо – 7.3
  • Зүрхний цохилт: 83-109 bpm

Анни Грэхэмийн ээж нас барсны дараа түүний гэр бүлд аймшигтай зүйлс тохиолдож эхэлнэ. Тэдний гэр бүлийн аймшигт нууцууд өдөр өдрөөр ил болж, сайхан харилцаа, дулаахан төрх бүгд худал хуурмаг, маск төдий байсан нь илэрч, жинхэнэ төрхөө гаргаж эхэлнэ.

3-р байр: “Conjuring”, 2013 он

  • IMDb оноо – 7.5
  • Зүрхний цохилт: 84-129 bpm

Уоррены гэр бүлийнхэн чөтгөрт эзэмдүүлсэн, хачин жигтэй шинжүүд илрэх болсон хүмүүсийг судалдаг. Энэ нь бодит явдлаас сэдэвлэсэн гэдгээрээ хүмүүсийг илүүтэй айлгаж байсан гэдэг.

2-р байр: “Insidious”, 2010 он

  • IMDb оноо – 6.8
  • Зүрхний цохилт: 85-133 bpm

Жош, Ренай нар шинэ байшинд нүүж ирсний дараа хачирхалтай явдлууд тохиолдож эхэлнэ. 10 настай хүү Далтон нь комд орж, эмч нар ч хэрхэн хүүг эмчлэхээ мэдэхээ больно. Хүү гэртээ эргэж ирсний дараа учир битүүлэг зүйлс болсон хэвээр байх бөгөөд эцэст нь хүүг өөр ертөнцтэй холбогдсон болохыг ээж аав нь мэднэ.

1-р байр: “Sinister”, 2012 он

  • IMDb оноо – 6.8
  • Зүрхний цохилт: 86-131 bpm

Жилийн өмнө нэг гэр бүлийнхэн амь насаа зэрэг алдсан нууцлаг хийгээд жихүүдэс төрүүлэм байшинд зохиолч эр гэр бүлийнхний хамт нүүж ирнэ. Зохиолч учир битүүлгээр нас барсан тэдгээр хүмүүст юу тохиолдсон болохыг харуулах бичлэг олсноор үйл явдал өрнөнө.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!