Ач зээгээ өсгөх нь эмээгийн болон хүүхдийн эрүүл мэндэд хамгийн тустай

Эцэг эх нь ажил ихтэй, завгүй гэх шалтгаанаас болж, өнөөдөр ач зээгээ өсгөж, хүн болгож байгаа эмээ өвөө нар маш олон. Хэтэрхий олон хүүхэд харж ядрахгүй л бол энэ нь эмээ өвөө нарт ч хөгжилтэй, амьдралыг нь илүү сонирхолтой, утга учиртай болгодог байна. Тэгвэл эмээ дээрээ өссөн хүүхдүүд мөн ач зээгээ өсгөсөн эмээ нар нь хоёр биенээсээ эрч хүчийг авч, эрүүл саруул амьдардаг гэнэ шүү. Үүнийг судалгаагаар тогтоож, эмээгийн гар дээр өсөх нь хүүхдийн хөгжилд сайн, эрүүл мэндэд тустай, ач зээгээ өсгөх нь эмээгийн сэтгэл гутралыг эмчилж, эрүүлжүүлдэг болохыг баталсан байна.

Өвөө, эмээ нар хүүхдийн эрүүл мэндэд тустай

Өвөө эмээ нар ач зээ нараа төрүүлсэн хүүхдээсээ ч илүү хайрладаг хэмээдэг. Тэтгэвэртээ гарч, гэртээ суух болсон тэдэнд ач зээгээ тойруулаад, хайрлаад сууж байх шиг жаргал гэж үгүй. Тийм ч учраас байж болох хамгийн том хайраар, хамгийн дулаанаар ач зээгээ өсгөж хүмүүжүүлдэг. Мэдээж хайранд бүүвэйлэгдэж өссөн хүүхэд хэзээ ч муу хүн болдоггүй. Нэмээд тайван амгалан, чимээ шуугиан багатай, хэрүүл тэмцэлгүй өвөөгийн гэрт өсч торниж байгаа хүүхдийн тархины хөгжил ч сайн явагдаж, олон төрлийн асуудлаас хол байж чадна. Хүний биеийг өвтгөдөг хамгийн том хүчин зүйл бол сэтгэл санааны тогтворгүй байдал, уур бухимдал, стресс зэрэг байдаг. Харин өвөө эмээ дээрээ өссөн хүүхдүүдийн сэтгэл санаа харьцангуй тайван, тогтвортой болохыг Оксфордын их сургуулийн судлаачид тогтоосон байна.

Судалгааны явц

Оксфордын их сургуулийн судалгааны багийнхан өөр өөр насны 1596 хүүхдийг судалгаанд хамруулж, өвөө эмээгийнх нь нас, нийгмийн статус зэргээс нь хамаарч, бүлгүүдэд хуваасан байна. Хүүхдүүдэд эмээ өвөө нь хэрхэн нөлөөлдөг, нийгмийн амьдралд эмээ өвөөтэйгээ өссөн хүүхдүүд хэрхэн оролцдог, асуудлыг хэрхэн хүлээж авдаг гэхчлэн олон талаар нь судалж үзсэн аж. Харин судалгааны үр дүнд эмээ өвөө нь өсвөр насны хүүхдүүдэд яг л найз шиг нь байж чаддаг төдийгүй хүүхдүүд ээж ааваасаа илүү эмээ өвөөдөө асуудлаа ярьж хамтдаа шийдвэрлэх арга замыг хайдаг болохыг тогтоосон. Мөн өсвөр насны хүүхдүүдийг эмээ өвөөтэй нь хамт байлгаснаар, илүү амар тайван байж, сэтгэл санаа нь тогтворгүй болж, стресст орох аюулаас сэргийлж чадна хэмээн дүгнэжээ.

Эмээ өвөө нарт ч ач зээгээ өсгөх ашиг тустай

Лондоны Нийгэм ба олон нийтийн бодлогын сургуулийн Геронтологийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар өвөө, эмээгийн харилцаа нь өндөр настай хүмүүсийн эрүүл мэндийн байдалтай холбоотой байдаг. Энэ нь ач, зээ нараа асардаг эмээ өвөө, голдуу эмээ нар бие махбодийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэсэн үг юм. Тэтгэвэртээ гарсны дараа хүн сэтгэл санааны гутралд орох, амьдрал нь дууссан мэт санагдах, цаашдаа юу хийж, яаж амьдрахаа мэдэхгүй болж, өглөө бүрийг зорилгогүй өнгөрүүлэх болдог. Харин ач зээгээ асарч эхэлснээр, амьдрал нь илүү утга учиртай болж, бяцхан үрсийнхээ хайранд умбаж, илүү залуужиж, эрүүл мэндийн хувьд ч айлтгүй болох юм.

Нэг ёсондоо ач зээ ч, эмээ өвөө ч тэр хамтдаа байж, нэгнээ илүү хайрласнаар хэн хэндээ ашиг тустай аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!