Хамгийн амттай үхрийн махтай Азу хуурга хийх жор

Хүйтэн өдрийг халуун хоолоор даван гарахаас өөр сайхан зүйл юу байх билээ. Харин ямар халуун бас амттай хоол хийхээ мэдэхгүй сууна уу? Тэгвэл танд санал болгох нэг хоол байна. Энэ нь үхрийн махтай Азу хуурга юм. Одоо хамтдаа хоол хэрхэн хийх аргатай танилцъя.

Орц:

  • Үхрийн мах – 600-700 гр
  • Төмс – 2 ширхэг
  • Сонгино – 2 ширхэг
  • Даршилсан өргөст хэмх – 2 ширхэг
  • Улаанлоолийн паста – 150 гр
  • Гурил
  • Ургамлын тос
  • Лаврын навч – 1 ширхэг
  • Давс болон хар перец

Хийх арга:

Махаа нимгэн нимгэн хэрчинэ. Дараа нь үүнийгээ урт нарийн хэрчиж бэлтгээрэй. Хар перец, давс болон гурилаа хольж, үүндээ махаа хийж өнхрүүлэх бөгөөд дараа нь сэгсэрч илүүдэл хэсгийг унагана.

Ургамлын тосоо хайруулын тавгандаа хийж халаагаарай. Махаа хийж хуурах бөгөөд бор шаргал өнгөтэй болгоорой. Одоо махнаас 2 хуруу дээш гарах ус хийж, 20 минут зөөлөн гал дээр буцалгана.

Сонгино болон төмсөө хальслаарай. Төмсөө урт нарийн хэлбэртэй хэрчих бол, өргөст хэмх болон сонгиноо жижиглэнэ. Хайруулын тавганд багахан тос хийж, сонгиноо хуурах ба зөөлрөөд ирмэгц нь улаан лоолийн паста болон өргөст хэмхээ нэмж, буцалгана.

Одоо соустай ногоогоо махан дээрээ нэмж хийн, зөөлөн гал дээр 15 минут чанах хэрэгтэй.

Хайруулын тавгаа цэвэрлэж, тос хийж халаагаарай. Үүндээ төмсөө хийж, бүрэн гүйцэт болтол нь шараарай. Төмсөө гаргаад, бага зэрэг давс цацаарай.

Одоо шарсан төмсөө махан дээрээ хийж, лаврын навчаа нэмнэ. Ахин 5 минут буцалгаарай.

Ингээд таны амттай хоол бэлэн болох бөгөөд хүссэн хэмжээгээр давс болон перецээ хийж, амтыг тааруулаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!