Холливуудын шинэ хайр Зендаяа(Хүн аалзын найз охин)

23 настай жүжигчин бүсгүй Зендаяа нь сүүлийн үед улам бүр алдаршиж, нэр нь дэлхий дахинд түгэсээр байна. Түүний карьер “Dance Fever” телевизийн цувралаар эхэлж байсан бол, саяхан “HBO” телевизийн энэ зуны хит “Euphoria” цувралд тоглож, өөрийн чадвараа гайхуулаад зогсохгүй алдар нэрээ цуурайтуулсан билээ. Тэгвэл яагаад түүнийг Холливуудын шинэ хайр хэмээн нэрлэх болсон шалтгаануудыг танилцуулъя.

Олон дүрд хувирдаг 

Та түүнийг гэм зэмгүй даруухан охин, гайхалтай акробатчин, Хүн аалзын хайртай бүсгүй эсвэл чадварлаг тагнуулчын дүрээр ч харж болно. Учир нь тэрээр өөрийн чадварыг гайхуулж, жүжигчин хүн ямар байх ёстойг үзүүлэхийн тулд маш олон эсрэг тэсрэг дүрүүдэд хувирдаг. Түүний сүүлд бүтээсэн хар тамхинаас хамааралтай охины дүр нь Зендаяд том сорилт болсон ч, амжилттай даваад гарсан тухай жүжигчин бүсгүй дэлгэсэн билээ.

Эрх тэгш байдлыг дэмжигч

“Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа тэрээр “Би өөрийгөө нийгмийн сайн сайхны төлөө зүтгэгч энэ тэр гээд сүртэй нэрлэж чадахгүй ээ. Би зүгээр л шударга бус зүйлсэд дургүй. Тэр бүгдийг засахыг хичээдэг” хэмээсэн удаатай. Тийм ч учраас тэрээр 20 насныхаа төрсөн өдрөөр дэлхийн өнцөг булан бүрт байгаа эмэгтэйчүүдэд туслах зорилгоор Найдварын Конвой санд хандив цуглуулах ажлыг зохион байгуулжээ. Үүнээс гадна тэрээр хүүхдүүд болон эмэгтэйчүүдэд зориулсан олон ажилд гар бие оролцож, дуу хоолойгоо өргөсөөр ирсэн аж.

Байгаль эх дэлхийгээ хамгаалцгаая

Жүжигчин бүсгүй нь зааныг хамгаалах уриалга гарган тэмцэж яваа Ивори Элла охиныг дэмжиж, маш олон сурталчилгаа явуулсан билээ. Мөн тэрээр албан ёсны вэбсайт дээрээ цагаан хоолтнуудыг дэмждэг, өөрөө ч цагаан хоолтон. Амьтанд хайртай учраас цагаан хоолтон болсон хэмээсэн байв. Цаашлаад тэрээр байгаль эх дэлхийгээ хамгаалах, дэлхийн дулааралтай тэмцэх гэхчлэн олон үйл ажиллагаанд оролцож, хувийн хуудсаараа дамжуулан, бусдыг уриалдаг бөгөөд бусад алдартнууд өмсөж зүүснээрээ уралдаж, өдөр тутмын амьдралаа гайхуулж байхад тэрээр илүү нийгэм болон байгаль эх дэлхийд чиглэсэн зөв зүйлсийг бусдад түгээхийг хичээдэг.

Бүхнийг хамгийн сайнаараа хийдэг

Түүнийг зөвхөн жүжиглэдэг хэмээн бодож болохгүй. Тэрээр 2013 онд анхны цомгоо гаргаж, энэ нь Биллбоард топ 200д багтаж байсан бөгөөд эхний долоо хоногтоо л гэхэд 7 мянган хувь борлогдсон байдаг. Мөн Зендаяа нь “Ододтой бүжиглэе” шоунд оролцож, өөрийгөө ямар чадварлаг бүжигчин болохоо харуулаад амжсан. Үүнээс гадна түүний уран гимнастикийн чадварыг ч дурдахгүй өнгөрч болохгүй болов уу.

Эгэл жирийн амьдралыг сонгосон алдартан

“Vogue” сэтгүүлийн ярилцлаганд оролцохдоо тэрээр 73 асуултанд хариулсан бөгөөд түүний хариултуудыг анхаарч сонсвол, жүжигчин бүсгүй нь чөлөөт цагаараа кино үзээд, юм идээд гэртээ суух дуртай мөн интернэт ухаж бусад залуус шиг л цагийг өнгөрөөдөг хэмээсэн байв. Мөн тэрээр нүүрээ будаж, биеэ гайхуулсан зургаа сошиалд байршуулахаас илүүтэй будаггүй, чөлөөт хувцастай энгийн зургуудаа хуваалцдаг. Энэ бүгдээс нь харахад тэрээр цөөхөн хэдэн энгийн алдартнуудын нэг бололтой. Ийм охиныг хайрлахгүй гээд яах билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!