Үрчлээ батганаас сэргийлж, цэвэрхэн арьстай байхад туслах эрчүүдийн арьс арчилгаа

Эрэгтэй хүмүүс арьс арчилгааны талаар мэдлэг хомс. Заримдаа эхнэрээсээ гуйж ганц маск тавьчихаад арьсаа арчилчихлаа гэж бодох нь яана. Эмэгтэй хүмүүс л сайхан арьстай, үрчлээсгүй, батгагүй байх ёстой гэж үү? Эр хүн гэхээрээ элдэв сорви шархтай, батга, сэвхтэй, үрчлээтэй, барзгар арьстай байх хэрэгтэй гэж үү? Азаар орчин үеийн залуус илүү задгай сэтгэлгээтэй болж, эрчүүд ч арьсаа арчлах тал дээр анхаарч эхэлсэн. Тийм ч учраас эрчүүддээ зориулж, арьс арчлах хамгийн наад захын, энгийн арчилгааны аргуудыг танилцуулж байна.

Хамгийн эхлээд та арьсны төрлийг тодорхойлох ёстой. Үүний дараа арьсныхаа онцлогт тохирох бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй юм.

Арьсыг дотор нь:

  • Тослог
  • Хуурай
  • Холимог
  • Эмзэг мэдрэмтгий
  • Энгийн гэж хувааж үздэг.

Таны арьс аль төрөлд багтаж байгааг тодорхойлсны дараа хэрэглэх бүтээгдэхүүнээ сонгоно.

Нүүрний цэвэрлэгээ

Цэвэрлэгээ хамгийн чухал. Арьсны төрөлд тохирох нүүр угаагч хөөс, цэвэрлэгч, саван зэргээс сонгож аваарай. Ямар ч гоо сайхны дэлгүүрт очоод худалдагч, туслахаас зөвлөгөө авч, арьсныхаа онцлогт тохирох угаагчыг аваарай. Ингээд та орой бүр нүүрээ хөөс ашиглаж угааж цэвэрлэх шаардлагатай. Энэ нь арьсан дээр наалдсан бохирдолыг арилгаж, батга гарахаас хамгийн ихээр хамгаалж өгдөг. Өглөө бол заавал хөөс, саван ашиглаж нүүрээ угаах шаардлагагүй. Хэт их хөөс ашиглаж угаах нь арьсыг хуурайшуулж, гэмтээх аюултай байдаг.

Арьсаа гуужуулах

Мөн л арьсны төрөлд тохирох гуужуулагч хэрэглэнэ. Энэ нь үхэжсэн арьсыг гуужуулж, шинээр арьс нөхөн төлжих боломжийг гаргаж өгдөг. Долоо хоногт 1-2 удаа ашиглахад хангалттай. Арьсан дээрээ гуужуулагчаас авч түрхээд, хурууны өндгөөр дарж үрнэ.

Тоник хэрэглэх

Нүүрээ угааж, арьсаа гуужуулсны дараа тоник хэрэглэнэ. Энэ нь арьсны pH балансыг тэнцвэржүүлж, арьсыг чийгшүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Арьсаа чийгшүүлж байх бол таны хийх ёстой хамгийн чухал зүйл. Тоникоос алган дээрээ аваад, нүүрээ товшиж түрхэж шингээнэ.

Чийгшүүлэх тос түрхэх

Арьсны төрлөөсөө хамаарч, усан суурьтай, тосон суурьтай тосноос сонгож түрхэнэ. Энэ нь таны арьсанд чийг өгч, эрүүл байхад тусална. Чийгшүүлэх тосоор та өдрийн арьс арчилгаагаа дуусгаж болно.

Харин өглөө бол нүүрээ усаар угаана. Мөн тоникоо түрхэж, чийгшүүлэх тосоо түрхээд, хамгийн сүүлд нарны тос түрхэх хэрэгтэй. Нарны тос таны арьсыг нар болон салхинаас хамгаалж, гэмтэхээс сэргийлнэ. Тиймээс өдөр бүр нарны тос түрхэж хэвшээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!