Хүүхдийн ирээдүйг сүйтгэж мэдэх, маш аюултай хүүхэд хүмүүжлийн аргууд

Та хүүхдээ яаж өсгөж хүмүүжүүлнэ, хүүхэд тань яг л тийм хүн болно. Тиймээс та бүхэл бүтэн хүний амьдралыг шийдэж байгаа тул хэрхэвч буруу хандлагаар хүмүүжүүлж болохгүй. Өнөөдөр та бүхэндээ онцгойлон хоцрогдсон хүүхэд хүмүүжлийн аргуудыг танилцуулж байна. Хэрэв та одоо ч ийм арга ашигладаг бол, яг одоо зогсоо. Энэ нь таны хүүхдийн ирээдүйд том саад болж мэдэх юм.

“Хүүхэд маань хамгийн сайхан бүхнийг хүртэх ёстой”

Хүүхдээ хайрлахад ч учир бий. Хайрлаж байна гэх нэрийн дор хүссэн бүхнийг нь авч өгч, хүсэл бүрийг нь биелүүлэх нь тэднийг ирээдүйд өөрөөсөө өөрийг мэдэхгүй, мунхаг нэгэн болгоно. Аав ээжээрээ бүхнээ бэлдүүлж өссөн хүүхэд том болоод хариуцлагагүй, биеэ даах чадваргүй, бусдыг дорд үзсэн хандлагатай, эго ихтэй, муухай ааш зантай, хэт бардам, амиа хичээсэн нэгэн болдог. Харин та хүүхдээ ийм болоосой гэж хүсэхгүй байгаа биз дээ? Тиймээс хүүхдэдээ багаас нь хариуцлагатай байх тал дээр сургаж, мөнгөний үнэ цэнийг ч ойлгуулж, биеийг нь даалга.

“Томчуудыг үргэлж сонс”

Том хүний өөдөөс үг хэлдэггүй, үгнээс нь гардаггүй хүүхэд л хамгийн зөв хүмүүжилтэй гэж үү? Ийм арга барилаар, хэтэрхий сайн хүүхэд байж өссөн хүмүүс ирээдүйд өөртөө итгэлгүй, хүний өөдөөс ганц үг хэлж чаддаггүй, чимээгүй л дотроо шаналж явдаг, зориггүй нэгэн болдог. Тиймдээ ч муу хүмүүсийн бай болж, үргэлж хохирч, ашиглуулж амьдарна. Харин та хүүхдэдээ тийм амьдрал хүсэхгүй байгаа бол, өөрийн бодлоо илэрхийлэхэд нь бүү саад бол. Мөн бусдад үгүй гэж хэлэхийг нь зөвшөөр. Өөрийгөө илэрхийлэх арга барилд суралцуул. Тэдний бодлыг ч асууж байгаарай.

“Онц авах л хэрэгтэй, сайн авч болохгүй”

Хичээл чухал ч гэлээ, хүүхдийг хэтэрхий төгс байхыг шаардаж болохгүй. Алдаа гаргахаас айж амьдарсаар хүүхэд тань ямар нэгэн алхам ч хийж чадалгүй насыг барж ч мэднэ. Бусдын урмыг хугалж болохгүй, нэр хүндээ бодох хэрэгтэй гэхчлэн үргэлж өв тэгш байхыг хичээж явсаар, өөрийгөө ч ололгүй амьдралаа дуусгана.

“Бусадтай битгий маргалд, битгий үг сөр”

Таны хүүхэд эелдэг, бусад хүүхдэд муухай үг хэлдэггүй, түүнийг дээрэлхсэн байлаа ч үг дуугардаггүй сайн хүүхэд үү? Та үүгээр нь бахархаж ярьдаг уу? Тэгвэл таны хүүхэд аймхай нэгэн. Шударга бус зүйлийг ч тэвчиж, тэвчих гэх ганц үгээр л амьдардаг. Яаж ч бусдад дээрэлхүүлж, ашиглуулж байсан үг хэлэхгүй, гомдоллохгүй. Зүгээр л тэвчээд өнгөрнө. Харин хүүхдээ ингэж амьдруулахгүйн тулд өөрийгөө хамгаалж, өөрийгөө өмгөөлж чаддаг болгох хэрэгтэй. Мэдээж энэ нь хүүхдүүдтэй зодолдож муудалцахыг зөвшөөрөх биш. Харин өөрийнхөө төлөө зогсох аргад суралцуулаарай.

“Хичээлээ л хий, ээж нь бусдыг нь зохицуулна”

Хүмүүс хүүхэд нь хичээлдээ л сайн байхад хангалттай гэж үздэг нь маш том алдаа. Тэд зөвхөн хөгжүүлсэн тархиараа амьдрахгүй. Амьдрахад хэрэг болох наад захын зүйлсэд сургаагүй байх нь таны хийж буй том алдаа гэдгийг ойлгоорой. Хүүхдээ одооноос гэрийн ажил ч хийлгэж, хөдөө явуулж амьдралтай танилцуул.

“Сургуулиа төгсөөд ийм мэргэжлээр сурна шүү”

Хүүхдийнхээ ирээдүйг та өөрийн дураар шийдэж болохгүй. Энэ бол түүний амьдрал, таных биш. Хүүхдэдээ сайныг бодож л мэргэжил сонгож өгсөн гэж өөрийгөө өмгөөлөх аав ээж нар байх ч, энэ нь тэднийг амьдралдаа гутрах, маш их стресстэй амьдрахад ч хүргэж болох юм. Мөнгө олохын тулд дургүй зүйл хийнэ гэдэг тамд амьдарч байгаагаас ялгаагүй. Тиймээс хүүхдээрээ өөрөөр нь сонголт хийлгэ.

“Өөр хүмүүс зохицуулчихна. Битгий тоо”

Хүүхдээ илүү зүйлсэд хошуу дүрдэггүй, урдахаа л сайн хийхэд болно гэж хүмүүжүүлдэг эцэг эхчүүд олон. Би л сайн явж байхад бусад нь яахав гэх бодлыг багаас нь тархинд нь суулгаж, эцэстээ хувиа хичээсэн нэгэн болгодог. Харин хувиа хичээсэн зантай хүнд хэн дуртай байна гэж? Нөхөрлөх найзгүй, санаа нийлдэг ажлын хамтрагчгүй, ганцаараа нийгмээс тусгаарлагдаж үлдэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!