Танд атаархаж явдаг найзыг таних шинжүүд

Таны хамгийн ихээр итгэдэг, ойр дотно гэж боддог найз чинь үнэндээ танд атаархдаг, сайхан зүйл тохиолдоход заавал нэг сөрөг талыг гаргаж ирдэг нэгэн бол яах вэ? Ийм төрлийн хүмүүсээс аль болох хол байх нь танд тустай. Тэгвэл атаархагчдыг хэрхэн таних вэ? Та бүхэндээ атаархагч найзуудыг таньж болох шинжүүдийг хүргэж байна.

Доромж утга агуулсан магтаал

Хэрэв найз тань танд атаархдаг бол магтаалаар дамжуулан доромжилж чадна. Танд ямар нэгэн сайхан зүйл, баярт мэдээ тохиолдоход чин сэтгэлээсээ баярлах бус, ямар нэгэн өө сэвийг олж, түүгээр далимдуулж, зайлшгүй хорон үгс унагаад амжина. Жишээ нь таныг шинэ машин авлаа гэхэд “Баяр хүргэе, хөөрхөн машин байна. Их л жижигхэн юм гэхдээ чамд бол болно доо” гэх мэтчилэн таагүй үгсийг сайхан үгстэй хослуулан хэрэглэдэг.

Үргэлж таныг доош нь татахыг хичээнэ

Амьдралдаа өөрчлөлт гаргаж, өөртөө шинэчлэл хийж, шат ахих гэх бүрт доош нь татаж, наа чинь аюултай, ингэж болохгүй гэхчлэн үглэж гарна. Байгаадаа сэтгэл ханаж сур, хэтэрхий бүү шуна гэхчлэн ухаалаг үгсийг урдаа барьж, угтаа таныг өөрөөс нь илүү гарах вий гэж айна. Алхам хийх гэх бүрт хориглож, алдаа байж мэднэ шүү гэх найзуудынхаа үгийг бүү сонс.

Таны талаар хов ярина

Таны ардуур муулж, өөрөөсөө дор нэгэн мэт болгож ярьна. Тэдний хамгийн том айдас бол та түүнээс илүү дээр амьдарч, илүү амжилтанд хүрэх юм. Үүнийг харж тэсэхгүй болсон тул таныг аль болох муу хүн болгох гэсэндээ энд тэнд худал цуурхал тарааж явах нь бий.

Таныг азтай юм гэж хэлнэ

Таныг хичээсэндээ биш, чадвартай юм аа ч гэж биш, зөвхөн азтай л гэнэ. Гаргасан амжилт, бүтээсэн зүйлс бүрийг тань азтай холбож, чи азтай болохоор л ингэлээ, чамд ахиад аз таарчээ гэхчлэн таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Ийм төрлийн хүмүүсээс аль болох зайгаа барьж байгаарай. Тэр танд сөрөг энерги авчрахаас хэтрэхгүй.

Баяр хөөрийг тэр дор нь нураана

Танд сайхан зүйл тохиолдсон байхад ч хэт баярлах хэрэггүй гэж үргэлж захина. Шалгалтаа сайн өгсөн гэхэд л ахиад хэдэн шалгалт үлдсэн битгий хэт онгироод бай гээд л өөрийгөө урамшуулах, өөрөөрөө бахархах боломж олгохгүй. Иймхэн зүйл хийчихээд юундаа тэгтлээ баярладаг юм гэхчлэн таны өөртөө итгэх итгэлийг унагаахыг хичээнэ.

Таныг ойроос ажиглана

Атаархуу найз таныг юу хийж байна, одоо юунд төвлөрч байна гээд л бүхнийг ажиглахын тулд ойр байхыг хичээдэг. Хэзээ ч орхихгүй сайн найзын дүр эсгэж, чадах хэрээрээ таныг баяр хөөрийг унтрааж, сөрөг энерги өгөхийг хамаг чадлаараа хичээх аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!