Хосууд гэрлэхээсээ өмнө заавал ярилцаж, нэг шийдвэрт хүрэх хэрэгтэй зүйлс: Эс бөгөөс хамтын амьдрал удаан үргэлжлэхгүй

Сүүлийн жилүүдэд гэр бүл салалтын хувь огцом нэмэгдэж байгаа. Энэ нь хосууд нэгнээ сайн таньж мэдээгүй, сайтар ярилцаж нэгнийхээ дотор руу өнгийж амжихаасаа өмнө гэрлэж, хүүхэдтэй болдогтой холбоотой. Иймд өнөөдөр та бүхэндээ гэрлэхээсээ өмнө хосуудын заавал хийх ёстой зүйлсийг танилцуулж байна. Эдгээрийг даван гарсны эцэст бат бөх, аз жаргалтай гэр бүл бий болох юм.

Санхүүгээ хэрхэн нэгтгэх вэ?

Нэгнээсээ санаа зовж нэрэлхээд энэ талаар ярилцаж амжилгүй гэрлэчихдэг. Дараа нь харин энэ миний олсон мөнгө, чиний мөнгө гэхчлэн маргалдаж, хэрүүл үүсдэг. Тиймээс гэр бүл болохоос өмнө орлогоо хэрхэн зохицуулж байхаа ярилцаж тохиролцох хэрэгтэй. Орлогоосоо тодорхой хувийг гэр бүлийн сандаа хийхээр тохиролцох нь тохиромжтой. Өөртөө хэрэглээний мөнгөө үлдээж, хүссэн зүйлээ авах эрхийг нь боох хэрэггүй.

Тэтгэвэрт гарсны дараа хэрэглэх мөнгөө хураах

Хосууд дундаа хадгаламжтай байх хэрэгтэй. Их бага хэмжээгээр хийж цуглуулсаар нас дээр гарсны дараа хэрэглэж, дэлхийгээр аялж, өөрсдөдөө амралт олгоорой. Энэ талаар эрт ярилцаж, хамтдаа зөвшилцөж, хадгаламжтай болохыг зөвлөж байна. Мөн хэн нэгэн нь өвдлөө гэхэд эмчилгээний зардал шаардлагатай болоход энэ тэндээс зээл хийж, хамаг юмаа зарахын оронд эртнээс цуглуулж, хадгалж байгаарай.

Хэдэн хүүхэдтэй болох вэ?

Хэдэн хүүхэдтэй болохоо заавал ярилцаж, төлөвлөх хэрэгтэй. Хүмүүс олдсон хүүхдээ гаргана гэдэг нь тун ч буруу. Энэ нь эцэстээ гэр бүлийг хагаралдахад ч хүргэж болзошгүй. Гэрлэхээс өмнө хэдэн хүүхэдтэй болохоо ярилцаж, тохиролцох хэрэгтэй. Эрэгтэй нь олон хүүхэд хүсэвч, эмэгтэй нь цөөн хүүхэдтэй болохыг хүсч болно. Тиймээс энэ талаар зөвшилцөж, нэг шийдвэрт хүрэх ёстой юм. Мөн зарим хүмүүс хүүхэдтэй болохыг хүсдэггүй. Эртнээс ярилцаж байх нь сүүлд гарч болзошгүй аюулаас сэргийлнэ.

Хийх ажлаа хувааж авцгаах

Орчин үеийн гэр бүлүүд харьцангуй тэгш эрхтэй болж байгаа. Эхнэр нь гэрээ цэвэрлэж, хүүхдээ асарч, нөхрөө халамжилж, нэмээд ажил хүртэл хийдэг цаг ард хоцорсон. Та ч бас ийм амьдрал хүсэхгүй байгаа бол гэрлэхээр шийдсэн залуутайгаа яг одоо ярилцаж, нэг гэрт орсны дараа хэн ямар ажил хийж байх талаар ярилцаж, тодорхой заалт гаргаарай. Амралтын өдрүүдээр ээлжилж хүүхдээ харах, долоо хоногоор ээлжилж хоолоо хийх, нөхөр нь хувцас угааж, эхнэр нь гал тогоо цэвэрлэх гэх мэтчилэн ажлаа хуваагаад авах нь хэн хэндээ амар.

Нэгнээ хуурвал юу болох вэ?

Нэг нэгэндээ хайртай хосууд хууран мэхлэлт зэрэг аймшигтай зүйлийг төсөөлж чаддаггүй. Миний хайр намайг хуурахгүй гэж итгэж, энэ талаар ярих нь бүү хэл, дурдахыг хүсдэггүй. Гэсэн ч та бэлтгэлтэй байхад илүүдэхгүй. Энэ талаар нээлттэй ярилцаж, яг ямар үйлдлийг хууралтад тооцох, мөн нэгнээ хуурсан бол яах вэ гэх зэргээр чөлөөтэй ярилцахыг зөвлөж байна.

Ирээдүйд юу төлөвлөж байна?

Хүн бүрт төлөвлөгөө, мөрөөдөл гэж бий. Харин хосууд нэг зүйлийн төлөө зүтгэх хэрэгтэй. Мөн нэг нэгнийхээ мөрөөдлийг сонсож, харилцан нэгнээ дэмжиж, хамтдаа гэрэлтэй ирээдүйг бүтээхээр төлөвлөөрэй. Гэрлэхээр зэхэж байгаа хосууд зайлшгүй ирээдүйн төлөвлөгөө гаргах ёстой юм. Ойрын ирээдүй, цаашлаад холын ирээдүйг төлөвлөж, үүнийхээ төлөө хамтдаа зүтгэх шиг сайхан зүйл хаана байх билээ.

Сул талаа мэдэлцэх

Сул талгүй, төгс хүн гэж хаана байх билээ. Харин гэрлэхээс өмнө энэ талаараа дэлгэрэнгүй яриарай. Өөрийн бүх муу талуудаа хэлж, хамтдаа засах арга хэмжээ авах нь чухал. Эс бөгөөс нөхөр тань эсвэл эхнэр тань таны муу зуршлаас залхаж, тэвчиж явсаар нэг л өдөр тэсэрч, үүнээсээ болж харилцаанд ан цав суух аюултай.

Аав ээжүүддээ хэрхэн анхаарал хандуулах вэ?

Энэ тал дээр зайлшгүй ярилцах хэрэгтэй. Анхнаасаа ярилцаж нэг шийдвэрт хүрснээр, дараа нь чи хамаг юмаа аав ээж рүүгээ барьж гүйдэг гэхчлэн хэрүүл гарахгүй. Анх гэр бүл болохдоо аав ээждээ хэр хэмжээний мөнгөн тусламж үзүүлэх, хэрхэн анхаарал хандуулж, асарч халамжлах зэргээ тодорхой болгоорой.

Хаана амьдармаар байна?

Хүний бодлыг тааж унших боломжгүй. Гэрлэсний дараа гэнэт нөхөр нь хөдөө амьдармаар байна гэвэл яах вэ? Эсвэл нэг нь орон сууцанд амьдармаар байхад, нөгөөх нь байшин барьж амьдрах сонирхолтой бол хэн нь буулт хийх хэрэгтэй вэ? Гэрлэсний дараа толгой өвтгөм асуудлууд гэнэт ар араасаа гараад ирдэг. Тиймээс зарим асуудлаа гэрлэхээсээ өмнө шийдвэрлэж чадсанаар илүү амар тайван амьдарч чадна.

Хэр их цагийг хамтдаа өнгөрүүлэх вэ?

Гэр бүл гэдэг нь ихэвчлэн хамт амьдрах гэсэн утгатай ч хосууд бүх цагаа 24/7 хамтдаа өнгөрөөх хэрэгтэй гэсэн үг биш юм. Заримдаа ганцаараа баймаар, өөртөө цаг гаргамаар үе ирэх нь гарцаагүй. Тиймээс энэ талаар урьдаас ярилцах нь зүйтэй.

 

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!