Энгийн үед хийж иддэгээс тэс өөр амт, мэдрэмж өгөх луувангийн салат хийх жор

Та хэр олон төрлийн салат хийж чадах вэ? Баяр ёслол, тэмдэглэлт өдөр, зочид гэрт ирэх үед гээд л салат хийх шаардлагатай болох өдрүүд олон. Тэр бүрт ганц чаддаг нийслэл салатаа хутгаад байж болохгүй биз дээ? Тэгвэл та өнөөдөр бидний зааж өгөхөөр бэлтгэсэн луувангийн салат хийх жорыг сураад аваарай. Энгийн луувангийн салатнаас хавь илүү амттай болдог шүү.

Орц:

  • Лууван – 500 гр
  • Бяслаг – 50 гр
  • Өндөг – 3 ширхэг
  • Хуудсан бяслаг – 1 ширхэг
  • Давс, перец, майонез
  • Сармис – 3 хумс

Хийх арга:

Луувангаа хальслаад угааж цэвэрлэнэ. Үүнийгээ үрэгчээр үрж бэлтгээрэй. Өндгөө чанаж гаргаад, хүйтэн усанд хэсэг сойж биежүүлнэ. Дараа нь мөн адил үрэгчээр үрэх эсвэл урт нарийн хэлбэртэй хэрчиж болно.

Хуудсан бяслагаа гараараа үйрүүлж жижиглэх бол, хатуу бяслагаа үрэгчээр үрнэ. Сармисаа хальсалж цэвэрлээд, үрэх эсвэл жижиглэж татна. Ингээд бүх орцоо нэгтгэж саванд хийнэ. Үүн дээрээ давс болон перецийг өөрийн мэдрэмжээр тааруулж хийнэ. Хамгийн сүүлд майонезоо тааруулж хийгээд базаарай. Ингээд л амттайхан луувангийн салат бэлэн болох юм. Үүнийгээ хөргөгчинд хийж, 1-2 цаг байлгаад, дараа нь гаргаж идээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!