11 хоног унталгүй сэрүүн байж, туршилт хийсэн оюутанд тохиолдсон зүйлс

Бид унтахгүйгээр хэр удаан амьдарч чадах бол? Унтах цагаа хэмнээд ажил амьдралаа цэгцлээд явбал амар санагддаг уу? Хоногийн 24 цаг багадаж ядаж байхад 8 цагийг нь унтаж өнгөрүүлнэ гэхээр хайран байдаг уу? Энэ талаар та урьд өмнө нь бодож байсан уу? Тийм бол танд хариултыг нь өгье.

Рэнди Гарднер гэгч 17 настай оюутан байхдаа 11 өдөр 24 минутыг унталгүй өнгөрүүлж, туршилт явуулсан байдаг. 1963 оны 12-р сарын 28 – 1964 оны 1-р сарын 8-ы өдөр хүртэл тэрээр огт унтаагүй бөгөөд энэ хугацаанд ямар мэдрэмж төрж байсан талаараа судалгаандаа тодорхой бичсэн байдаг.

Эхний өдөр

Гарднер 6 цагт эртлэн босч, судалгааны ажилдаа бэлтгэсэн. Мэдээж хийх ажил их байсан тул нойрмоглох нь бүү хэл харин ч сэргэг байсаар эхний өдрөө дуусгасан байна.

Хоёр дахь өдөр

Нойр нь хүрч эхэлсэн. Анхаарлаа гүйцэт төвлөрүүлэхэд хэцүү болж, сэрүүн зүүд гэх мэт зүйлсийг биеэр мэдэрч байв. Сэрүүн байхад хамгийн хэцүү нь шөнийн цаг. Тиймээс түүнд сургуулийн найзууд болон доктор Демент тусалж, тэд хамтдаа хөгжилтэй зүйлс хийж, гадуур зугаалж, хөгжим сонсож, тоглоом тоглож байв. Гарднерийг угаалгын өрөө ороход нь хүртэл найзууд нь хаалганы гадна зогсож, эцэс төгсгөлгүй яриа үргэлжилдэг байсан аж.

Гурав дахь өдөр

Эрч хүчгүй болж эхэлсэн бөгөөд ор харагдвал хэвтээд унтмаар санагдаж, зорилгодоо бууж өгөхийг хүссэн. Гэсэн ч түүнийг дэмжиж, хамаг чадлаараа хичээж байгаа найзуудаа хараад эргээд сэргэж байв.

Дөрөв дэх өдөр

Туршилтын 4 дэх өдөр Гарднер хий зүйлс харж эхэлсэн байна. Өөрийгөө хөлбөмбөгийн тамирчин мэтээр төсөөлж, талбай дээр гүйж байна гэж харах болсон аж. Нүдэнд нь хүсээгүй байхад хачирхалтай зүйлс үзэгдэж байсан.

Туршилтын сүүлчийн долоо хоног

Сүүлийн долоо хоног тэр хагас галзуу хүн шиг байсан болохыг тодорхой тэмдэглэжээ. Хана хөдөлж, хий зүйлстэй ярилцаж, нэг минутын өмнө хэлсэн зүйлээ ч мартаж, өөрийгөө хэн болохыг, ямар зорилготой юу хийж байгаагаа ч мартахад хүрчээ. Аав ээж нь түүний биеийн байдалд санаа зовж, эмнэлэгт үзүүлсэн ч, ямар нэгэн сөрөг шинж тэмдэг илрээгүй учир туршилтыг цааш үргэлжлүүлсээр 11 дэх өдөрт дуусгасан байна.

Туршилтын дараах Гарднер

Тэрээр 11 хоног 24 минут сэрүүн байснаар дээд амжилт тогтоож, энэ тухайгаа сэтгүүлчдэд мэдэгдэж, баяраа тэмдэглэж дууссаны дараа яаралтай эмнэлэгт очиж, гүн нойронд автжээ. Оюутан залуу нам унтаж 14 цаг 40 минутын дараа сэрсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!