Бүтэн жилийг эмнэлэгт өнгөрүүлсэн охиныг үрчилж авахын тулд бүхнээ зориулсан ганц бие залуугийн түүх

Бидний өнөөдөр өгүүлэхээр бэлтгэсэн түүхийн эзэн болох залуу нь ганц бие, ижил хүйстэн нэгэн юм. Тэрээр халуун дулаан гэр бүлтэй болохыг мөрөөдөж ирсэн бөгөөд эцэг эхдээ хаягдаж, эмнэлэгт хоцорсон бяцхан охиныг өргөж авахаар шийдсэн байна.

Түүний нэрийг Пабло Фракчиа гэдэг бөгөөд нийгмийн ажилтан, Улаан загалмайн сайн дурын ажилтан, Аргентины ЛГБТQ + тэмцэгч юм. Тэрээр бүхэл амьдралынхаа турш аав болохыг мөрөөдөж ирсэн. “Би хүүхэд байхаасаа л хайр халамжаар бялхсан аав болохыг хүсдэг байсан. Гэсэн ч том болоод өөрийгөө гей болохоо олж мэдсэн. Үүгээр миний мөрөөдөл өндөрлөхөд хүрсэн гэж болно. Аргентинд бол гей залуу гэр бүлтэй болно гэдэг хэзээ ч биелэшгүй зүйл. Нийгмээрээ үүнийг үзэн яддаг. Тиймээс би зүгээр л өөрийгөө хорьж амьдрах хэрэгтэй юм байна гэж бодсон”

Гэсэн ч тэр бууж өгөхийг хүсээгүй байна. Олон жил өөрийгөө нууж амьдарсан ч эцэстээ ил гарахыг хүсч, Аргентины ЛГБТ + Холбоотой нягт хамтран ажиллаж эхэлсэн аж. Нийгэмдээ гэрлэлтийн тэгш байдлыг бий болгохыг хичээж, олон арга хэмжээ зохион байгуулжээ. 2017 он гэхэд Пабло хүчтэй тэмцэж, төрийн байгууллагуудаар өөрийгөө баталж, хүүхэд үрчилж авах эрх авч чадсан байна.

2 жилийн дараа, 2019 онд Паблод боломж олдсон байна. Эцэг эхээ алдсан, эмнэлэгт ходоод гэдэсний өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байсан бяцхан охин Миад түүнийг асарч халамжлах хүн хэрэг болжээ. Пабло охиныг өөр дээрээ авч, түүнийг хэн хүнээс илүү хайрлаж, халамжилж өсгөхийг хүссэн ч, охиныг өргөж явах процесс тийм ч хялбар байсангүй.

Миаг үрчлэх явц маш удаан хугацаанд үргэлжилсэн. Пабло охины хувьд сайн аав байж чадах, түүний эмчилгээ, асаргаа сувилгааг хангаж чадахаар гэдгээ баталж, өөрийн сэтгэл зүй, бэлгийн чиг хандлага, ажлын байрны тодорхойлолт, ойр дотны хүмүүсээс ярилцлага авах гэхчлэн олон сар жил дамнаж, эцэст нь үрчлэх эрхээ авсан аж.

“Миаг үрчлэхээр өрсөлдөж байсан өөр 4 хос байсан. Тиймээс би маш айдастай, надад бараг боломж байхгүй гэж бодсон ч чадах бүхнээрээ хичээсэн. Ганц бие, ижил хүйстэн залуу тогтсон амьдралтай 4 хосын эсрэг гэхээр үнэхээр боломж бага байсан. Гэсэн ч шүүгч миний чин сэтгэлийг харж, миний нийгэмд эзлэх байр суурийг үл харгалзаж, Миаг үрчлэх эрхийг олгосон юм” хэмээжээ.

Ингээд эцэст нь Миа Пабло хоёр уулзалдав. Тэд хамт тоглож, ярилцаж, нэг нэгэндэээ дасч эхэлсэн бөгөөд Пабло охиндоо илүү их цаг гаргахын тулд ажлуудаа зохицуулж, түүний эмчилгээнд анхаарч, амьдралаа эрс өөрчилсөн байна.

Тэд одоо аз жаргалтайгаар нэгнийхээ дутууг нөхөж амьдарч байгаа аж. Пабло олон жилийн турш хичээж, зүтгэсний эцэст аав болж чаджээ. Одоо тэр бүтэн болж, насан туршийн мөрөөдлөө биелүүлсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!