Дэлхийг шинжлэх ухааны уран зөгнөлт кинон дээр гардаг гарагуудаас илүү догь харагдуулах барилгууд
Дэлхийн эргэн тойронд гайхалтай барилгууд баригдсаар байна. Нэг л өдөр бидний дэлхий уран зөгнөлт кинон дээр гардаг шиг болох нь тодорхой. Та бүхэндээ хамгийн гайхалтай үзэмжтэй барилгуудыг танилцуулж байна.
Ват Сампран буюу “Лууны сүм” – Тайланд
Буддын шашны сүм нь Бангкокоос 40 км зайд, эртний Нахон Патом хотод байрладаг. Ямар нэгэн киноны компьютер график мэт харагдах энэхүү төрлийн барилга дэлхийд цор ганц. 17 давхар цилиндр хэлбэртэй ягаан барилгыг аварга том луу тойрон дээшилнэ. Энэ нь 1985 онд баригдсан боловч 2000-аад оны эхэн үеийн шүүх ажиллагааны улмаас аажмаар эзгүйрч эхэлсэн байна. Барилгын зарим давхарт лам нар амьдардаг бол, зарим нь эзгүй хоосон хэвээр. Хүмүүс очих нь ч бага аж. Та луугийн бие доторх туннелээр дамжин, дээвэр дээр гарч болно.
Авангард куб байшингууд – Голланд
Голландын Заандам хотыг хүмүүс төдийлэн сайн мэддэггүй. Гэсэн ч 2010 оноос хойш Inntel Hotels Amsterdam-Zaandam гарч ирсэн тул жуулчдын анхаарлыг татаж эхэлсэн юм. Өнгө өнгийн сонирхолтой байшингуудыг нийлүүлж босгосон мэт харагдах тус барилга нь Заандам хотын нэрийн хуудас болдог.
Мэдлэг, урлагийг авчирдаг “Сингапурын Лотус”
2011 онд нээгдсэн Урлаг, Шинжлэх ухааны музей нь бадамлянхуа хэлбэртэй барилга юм. Барилгын дээвэр нь зөвхөн гоо зүйн төдийгүй экологийн чиг үүргийг гүйцэтгэдэг: хэлбэрийнхээ ачаар борооны усыг төвд цуглуулж, дараа нь музей доторх усан сан руу урсдаг тул ашиглалтын тасралтгүй мөчлөг олж авдаг.
Данийн “мөсөн уул”
“Мөсөн уул” орон сууцны цогцолбор нь огт хүйтэн биш: дулаахан, тохилог. Архитекторууд Хойд Атлантын далай тэнгисийн хүчирхэг мөсөн уулсаас санаа авч тус барилгыг бүтээсэн байна. Төслийг Данийн тэтгэврийн сангаас санхүүжүүлсэн бөгөөд зарим орон сууц нь нийгмийн зориулалттай орон сууц юм.
Хонконгийн Политехникийн Их сургуулийн инновацийн цамхаг
2013 онд алдарт архитектор Заха Хадидын бүтээсэн Хонг Конгийн Политехникийн Их сургуулийн футуристик 15 давхар өндөр барилга.
Австри дахь асар том зүрх шиг харагддаг орчин үеийн урлагийн музей
2003 онд нээгдсэн музейн албан бус нэр нь “Найрсаг харь гараг” юм. Энэхүү барилга нь блокийн хэв маягаар баригдсан бөгөөд асар том зүрх эсвэл далайн мангастай төстэй харагддаг.
Хятадын телевизийн төв байр
2009 онд Бээжин хотод ер бусын тэнгэр баганадсан барилгыг босгосон бөгөөд төслийг Голландын нэрт архитекторч Рем Коулхас боловсруулжээ. Тэрбээр анх удаа нэг цамхаг биш, харин хоёр өөр цамхаг хэлбэртэй өндөр барилгыг бүтээжээ. Нэгнийх нь өндөр нь 54 давхар, нөгөө нь 44, цамхагууд нь дээд хэсэгтээ холбогдоно. Энэхүү өвөрмөц барилгыг “Өмд” хэмээн хочилдог аж.
Милан хотын “Босоо ой”
Орон сууцны цогцолборын хоёр цамхагийг 2014 онд барьж дуусгасан бөгөөд тэр жилийн хамгийн шилдэг тэнгэр баганадсан барилгаар тодорсон байдаг. Нэг цамхаг нь 110 м өндөр, нөгөө нь 76 м бөгөөд барилгуудын ханан дээр өвс, ургамал, мод тарьж ногоон байгууламж бүтээдэг.