Солонгос хоолны газарт хамаг мөнгөө үрэх хэрэггүй. Харин өөрөө хийгээд л сурчих!

Солонгос кино үзэхээр хоол нь хамгийн их анхаарал татаж, идэх хүсэл төрүүлдэг шүү дээ. Тиймдээ ч Монголчуудын энэ хүслийг уншсан мэт манайд Солонгос хоолны газар маш олон байдаг. Гэхдээ эдгээр нь үнэ өртөг өндөртэй төдийгүй чанарын шаардлага хангасан байдаг эсэх нь эргэлзээтэй.

Тэгвэл эдгээр амттай хоолыг гэртээ бэлтгэж идээрэй. Солонгос хоол хийх төвөгтэй гэх бодлоо авч хаян, доорх жорын дагуу амттай хоол хийгээрэй.

Тактуритан

Орц:

  • Тахиа – 1 ширхэг
  • Төмс – 3 ширхэг
  • Лууван – 1 том
  • Бөөрөнхий сонгино – 1 ширхэг
  • Ногоон сонгино – 1 ширхэг
  • Сармис – 2 хумс бяцална
  • Элсэн чихэр – 3 ц/халбага
  • Гүчү Жан
  • Улаан перц

Хийх арга:

Тахианы махаа том том цавчиж хэрч. Төмс луувангаа ижил хэмжээтэй хэрчээд 5 минут буцалга. Дараа нь сонгино, сармис, гүчүжан,, бяцалсан сармис, бага зэрэг элсэн чихэр, улаан перец багахан давс хийгээд дахин буцалга. Аяндаа шөл өтгөрч улаан хүрэн болно. Хэрвээ шингэн шөлөнд дуртай бол ус нэм. Мөн халуун ногоог нь бага идмээр байгаа бол бага хийж болно.

Булгуги

Орц:

  • Соё соус- 2.5 аяга
  • Ногоон сонгино- 1 багц
  • Гүнжидийн үр- 4 халбага
  • Гүнжидийн тос- тал халбага
  • Шар айраг- 1 шил
  • Үхрийн мах- 1 кг
  • Будаа- 1 аяга
  • Ус- 2 аяга
  • Ургамлын тос- 1 халбага
  • Салатны навч- 1 багц

Хийх арга:

Дунд зэргийн хэмжээтэй аяга сонгож үүндээ соё соус, хэрчсэн ногоон сонгино, гүнждийн үр, гүнжидийн тос, шар айраг зэргээ нийлүүлэн сайтар хутгах юм. Харин нарийнхан жижиглэн хэрчсэн үхрийн махаа хольсон амтлагчиндаа хийж, хөргөгчинд хонуулах аж.

Дараа нь та аяга будааг, 2 аяга усанд хийж чанаж болгоно. Одоо махаа гаргаж, хайруулын тавганд ургамлын тосоо хийн халаагаад махаа хоёр талаар нь сайтар хуурах байна шүү. Ингээд л таны хоол бэлэн болох бөгөөд та үүнийг будаа болон салатны навч зэргийг ашиглан таваглаж, амтархан идээрэй.

Жэюүгбугим

Орц:

  • Гахайн мах- 600 гр
  • Сонгино- 1 ширхэг
  • Лууван- 1 ширхэг
  • Амтат чинжүү- 2 ширхэг
  • Гүчүжан- 2 халбага
  • Нунтаг халуун чинжүү- 1 халбага
  • Сармис- 2 хумс
  • Гүнжидийн тос- 2 халбага
  • Гүнжидийн үр- 2 халбага
  • Элсэн чихэр- 1 халбага
  • Ус- 100 гр
  • “Bibigo soybean paste”- 3 халбага
  • Цуу- 1 халбага

Хийх арга:

Гүчүжан, нунтаг халуун чинжүү, нухсан сармис, гүнжидийн тос, элсэн чихэр, цуу зэргээ сайтар холиод үүндээ нимгэн хэрчсэн гахайн махаа хийж, базах юм. Махаа хайруулын тавгнадаа хуурч, хэрчсэн сонгино, лууван, чинжүү зэрэгтэй хольж сайтар хуурах бөгөөд үүндээ 100 гр ус нэмж буцалгана. Хамгийн сүүлд “Bibigo soybean paste”-ээс 3 халбагийг хийж, амт оруулах байна.

Калбижим

Орц:

  • Үхрийн ястай мах – 500 гр
  • Лууван, төмс, цагаан манжин, улаан чавга, мөөг гэх мэт хачирлах ногоо – хүссэн хэмжээгээрээ
  • Солонгос цуу – 5 халбага
  • Элсэн чихэр /шингэн/ – 3 халбага
  • Нухсан сармис – 2 халбага
  • Чамгирим буюу гүнжидийн тос – 1 халбага
  • Гучүгару – тал халбага

Хийх арга:

Жижиглэн хуваасан үхрийн хавиргаа нэг цаг зөөлөн гал дээр чанана. Ингэхдээ удаан буцлаад ирэхлээр хөөсөрдөг болохоор хөөсийг нь авах хэрэгтэй. Махаа чанасныхаа дараа усаа нэлээн хасаад дээр нь махтайгаа хачирлах зүйлсээ өөрсдөө сонгоно.

Лууван, төмс, цагаан манжин, улаан чавгаа томовтор хэрчээд махан дээрээ хийгээд дээрээс нь амтлагчуудаа /солонгос цуу 5 халбага, элсэн чихэр /шингэн/ 3 халбага, нухсан сармис 2 халбага, чамгирим буюу гүнжидийн тос 1 халбага, гучүгару тал халбага мөн лийрний шүүс тал халбага хийвэл бүр ч амттай болно/ холин ширгэтэл нь буцалгана.

Болох дөхөөд ирэхдээ бараг шөлгүй болсон байх ёстойг анхаараарай. Ингээд үхрийн махан калбижим бэлэн болно

Кимчижигэ

Орц:

  • Гахайн мах – 100 грамм
  • Цагаан будааны дарс – 2 хоолны халбага
  • Хар перец – 6 чимх
  • Кимчи – 2 аяга /бага зэрэг шүүстэй/
  • Бөөрөнхий сонгино – тал
  • Ногоон сонгино – 2 хоолны халбага
  • Сармис – 2 хумс
  • Дүфү – 1 боодол /жижиг дөрвөлжин хэрчсэн/
  • Ус – 1 аяга
  • Ургамлын тос

Хийх арга:

Кимчи, дүфүгээ ижил хэмжээтэй, дөрвөлжин хэлбэртэй хэрчиж бэлдэнэ. Гахайн махаа угаагаад 1 см-ээс багагүй өргөнтэй хэрчинэ. Дараа нь махан дээрээ цагаан будааны дарс болон хоёр чимх хар перец, нухсан сармис хийж холиод 15 минут байлгана. Ширмэн тогоондоо ургамлын тосоо хийж халаагаад сонгиноо хийнэ. Дараа гахайн махаа хийж шараад бага зэрэг ус нэмээд хэсэг хугацаанд буцалгана.

Учир нь удаан чанахад гахайн мах нь ялз болж өөх нь кимчи жигэг илүү зөөлөн, тослог амттай болгодог. Дараа нь бэлдсэн кимчигээ хийгээд шүүсэнд нь 5-7 минутын турш буцалгана. Шүүс багатай бол ус нэмсэн ч болно. Гаргахаасаа өмнө дүфү, ногоон сонгиноо нэмнэ. Эс бөгөөс дүфү хатуурах талтай байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!