Эзэгтэй нарыг шуугиулаад буй жимстэй бялуу хийх жор
Амралтын өдрөөр хийх зүйлсийнхээ төлөвлөгөөг гаргаж амжсан уу? Тэгвэл төлөвлөгөөн дээрээ нэмээд жимстэй торт хийнэ гэж бичээрэй. Учир нь та бүхэндээ эзэгтэй нарыг шуугиулаад буй жимсний тортны жорыг хүргэж байна. Дагаж хийгээд үзээрэй. Үнэхээр амттай болох учир хүүхдүүд дурлан иднэ.
Орц:
- Төрөл бүрийн жимс – өөрийн дуртай жимсээ сонгож хэрэглэнэ
- Ус – 1 литр
- Агар агар (7 гр) – 2 уут
- Элсэн чихэр – 200 гр
Усаа саванд хийнэ. Гэхдээ та 1 литр усны хэмжээгээ багасгаж, жимсний шүүсээр орлуулж болно. Жишээ нь 800 гр 200 гр компотны шүүс гэх мэтчилэн. Илүү гоё амттай болох болно. Хүйтэн усандаа агар агараа хийж хутгаад, гал дээр тавьж буцалгах бөгөөд тасралтгүй хутгах ёстой шүү. Үүн дээрээ элсэн чихрээ хийж уусгана. Ингээд уусмалаа гал дээрээс аваарай.
Энэ хооронд жимснүүдээ угааж цэвэрлээд хэрчиж бэлтгэнэ. Танд том хэмжээтэй шилэн сав хэрэг болно. Үүнийхээ хамгийн доор нь бэлтгэсэн уусмалаасаа бага хэмжээтэйг хийж, дээр нь жимснүүдээ алаглуулж өрнө. Дээр нь ахин уусмалаасаа асгаж, жимсээ өрөөд, уусмалаа асгаж, жимсээ өрөх гэх дарааллаар явна. Хамгийн дээр нь үлдсэн уусмалаа хийгээд дуусгаарай.
Ингээд бэлтгэсэн жимстэй бялуугаа хөргөгчинд хийж 3-4 цаг байлгахад хангалттай. Эсвэл та орой нь бэлтгэж хоноод өглөө нь хөргөгчнөөсөө гаргаад идэж ч болно.