Хөгшин эрийн амьдардаг ноорхой байшинг шоолж, тоглоом хийж байгаа хүүхдүүдийг харсан залуугийн хийсэн үйлдэл

Төмөр замын байцаагч Жош Сайганик гэх залуу өсвөр насны хэдэн хүүхэд хөгшин эрийн амьдардаг хуучин байшинг шоолж, элдэв зүйлс шидэж байхыг хараад зүгээр өнгөрч чадсангүй. Хүүхдүүд “Энэ нурж унах гэж байгаа байшинг хардаа. Шатаах цаг нь болжээ” гэхчлэн инээлдэж байсныг залуу сонссон байна.

Залуу энэ тухай болсон явдлыг фейсбүүк хуудаснаа хуваалцаж, өвөөд туслах хүсэлтэй хүмүүсийг цуглуулж, хандив босгон ажилдаа орсон байна. Тэдний зорилго бол олон жил улсынхаа төлөө зүтгэсэн 75 настай өвөөгийн байшинг засварлаж, тухтай өнгөлөг болгож өгөх юм.

Залуугийн гаргасан санаачлагыг олон хүмүүс дэмжиж, өвөөгийн байшинд хүрэлцэн ирж, засварын ажилд гар бие оролцсон байна.

Хүмүүс чадах хэрээрээ мөнгө цуглуулж, барилгын материал авч, хамтдаа байшинг засварлажээ. Зөвхөн гадна харагдах байдал бус, дотоод заслыг ч өөрчилж, илүү тухтай, амар тайван байж болохуйц болгож өөрчилсөн аж.

Эцэст нь өвөөгийн байшин ийм сайхан болсон байна. Үүнд их цаг ороогүй. Олон хүн гар бие оролцсон болохоор маш богино хугацаанд хийгдэж дууссан болохыг Жош Сайганик онцолжээ. Мөн тэрээр “Би эхэндээ сайн дураараа оролцохыг хүсч байгаа хүмүүсийг дугаарлаж, тоолж байсан юм. Гэтэл 99 гээд л би тоогоо алдчихсан. Маш олон хүмүүс ирж тусалсан. Бас ирж чадахгүй ч мөнгөн тусламж үзүүлсэн хүмүүс ч олон байсан шүү. Тэр хэдэн зуун км-ийн цаанаас туслах гээд ирсэн хүмүүс ч байсан. Ямар их сэтгэл, ямар их хайр вэ? Маш их бахархаж, хайр хүрсэн шүү” хэмээжээ.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!