Дэлгүүрүүд таныг гар хоосон гаргахгүйн тулд ийм арга заль ашигладаг

Дэлгүүр хэсэх нь стрессээ тайлах, тайвшрах нэгээхэн арга болдог. Таалагдсан хувцсаа сонгож өмсөөд, өөрт нь сайхан харагдаж байвал яах ч аргагүй худалдаад авчихдаг. Харин гэртээ ирээд өнөөх худалдаж авсан хувцсаа ахин нэг өмсөж үзэхэд дэлгүүрийн хувцас солих өрөөнд өмсөхөд харагдсанаас өөр мэдрэмж төрүүлж, сэтгэлээр унагаж орхино. Тэгвэл бүх учир шалтгаан танд бус дэлгүүрийн хувцас солих өрөөнд байгаа юм. Хувцасны дэлгүүрүүд орж ирсэн хүн бүрийг хувцас авахуулж, гар хоосон буцаахгүй гэсэндээ төрөл бүрийн арга хэрэглэдэг. Харин бид тэр арганд орчихоод хий дэмий мөнгөө үрээд байдаг л асуудал юм. Өнөөдөр та бүхэндээ дэлгүүрүүд ямар арга ашигладаг талаар танилцуулж байна.

Толь

Дэлгүүрт байгаа тольнууд бүгд таныг туранхай, өндөр харагдуулна. Ялангуяа хувцасны өрөөн дэх толь бол таныг дэлхийн хамгийн сайхан нэгэн мэт л харагдуулах үүрэгтэй. Тэд таныг сайхан харагдуулах толийг зориуд суулгаж өгдөг аж. Дэлгүүрийн хувцас солих өрөөнд сонгосон хувцсаа өмсөөд гоолиг сайхан харагдаж байсан бол, гэртээ ирээд ахин нэг өмсөж үзэхэд ёстой л байгаагаараа харагдаж, буруу сонголт хийсэндээ харамсахад хүрнэ.

Шал

Мэдрэмжтэй, маркетинг сайтай дэлгүүрүүдийн хувцас солих өрөөний шаланд хивс дэвсэж өгсөн байх төдийгүй тун ч тухтай байхаар тохижуулсан байна. Энэ өрөөнд орж ирсэн хүмүүс гарах гэж яарахгүй. Олон хувцас барьж орж ирээд нэг нэгээр нь өмсөж үзэх төдийгүй тухтай өрөөнд байгаа учраас сэтгэл санаа нь ч сайхан байх болно. Харин сэтгэл санаа нь сайхан байгаа хүн эргэлзэх зүйлгүй хэд хэдэн хувцас худалдаж аваад гарахгүй гэж үү? Тэд үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйг ингэж удирддаг.

Хувцас солих өрөөний өлгүүр

Үйлчлүүлэгчдийг уурлуулж болохгүй. Ганц хоёрхон өлгүүртэй өрөөнд орж ирээд, авч ирсэн хувцсаа өлгөж, нэмээд өөрийн өмссөн хувцсаа тайлж өлгөх гээд багтахгүй ямар их бухимдал төрнө гээч. Ийм тохиолдолд хувцас худалдаж авахаас дургүй хүрч шууд л гараад явах хүмүүс ч цөөнгүй. Үүнийг сайн мэдэх зарим газрууд өлгүүрээ хүртэл гоёор шийдэж өгсөн байдаг. Мэдээж тэд ийм мэтийн жижиг өөрчлөлтийн ачаар их орлого олно.

Гэрэлтүүлэг

Хувцас солих өрөөний гэрэл маш чухал болохыг та мэдэх үү? Та мэдэхгүй ч, дэлгүүрийн ажилчид тун сайн мэдэх тул таныг хамгийн сайхан харагдуулж чадах гэрлийг сонгож, хувцас солих өрөөнд суурилуулдаг. Тиймдээ ч та ямар ч хувцас өмсөөд толинд харсан сайхан харагдаж, өөрийн толинд тусах сайхан төрхөндөө хууртаж, өмсөх үгүйгээ ч мэдэхгүй хувцас худалдаад авчихдаг.

Хувцас солих өрөөний байрлал

Хувцас солих өрөө нь хэзээ ч дэлгүүрийн үүд хавьцаа байрладаггүй. Харин ч дэлгүүрийн хамгийн цаад захад байрлуулж өгөх бөгөөд хүмүүс хувцас солих өрөө рүү явах замдаа төрөл бүрийн хувцас үзэж хараад, худалдаж авах магадлал нь нэмэгдэх юм.

Энэ мэтчилэн дэлгүүрүүд биднийг худалдан авалт хийлгэх гэж төрөл бүрийн арга хэрэглэдэг. Харин та энэ аргад орохгүйн тулд хувцсаа өмсөж үзээд сайтар харж, хамт яваа хүнээрээ ч харуулж, сэтгэл хөдлөлдөө авталгүй бодитой шийдвэр гаргаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!