Ахиж алчуураар нүүрээ арчиж болохгүй шалтгаанууд

Одооноос нүүрээ алчуураар арчиж болохгүй. Учир нь таны нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй нян бактериуд алчууранд наалдсан байх бөгөөд үүгээр нүүрээ арчих нь арьсаа алж байгаагаас өөрцгүй болж хувирна. Тиймдээ ч бидний анзааргагүй байдал, буруу арчилгаанаас үүдэж, арьс гэмтэж, батга гардаг байна. Хамтдаа энэ талаар илүү ихийг мэдэж авцгаая. Алчуураар нүүрээ арчиж болохгүй шалтгаануудыг та бүхэндээ танилцуулж байна.

Батга гарна

Угаалгын өрөөнд хадгалдаг алчууранд төрөл бүрийн нян, бактери наалдсан байх болно. Харин угааж цэвэрлэсэн нүүрээ үүгээр арчиснаар, арьсыг нянгаар бүрхэж байгаагаас өөрцгүй. Энэ нь арьсыг гэмтээж, батга гарах үндэс суурь болно. Та үнэхээр л өдөр бүр алчуураа угааж цэвэрлээд, зөвхөн өөрөө ганцаараа хэрэглэдэг бол нүүрээ арчиж болох юм.

Арьсыг амархан хөгшрүүлнэ

Алчуураар нүүрээ арчихад арьс үүнийг дагаад нааш цааш татагдаж, үрчлээс үүсэхэд том нөлөө үзүүлнэ. Мөн арьсанд үрэлт үүсгэж, арьсны уян хатан чанарыг алдагдуулна.

Арьс арчилгааны бүтээгдэхүүний үр нөлөөг бууруулдаг

Нүүрээ угаасны дараа арчиж усыг нь шингээж аваад, арьсаа хуурай болгосны дараа тосоо түрхэж, арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэг үү? Тэгвэл энэ нь буруу юм. Чийглэг буюу бага зэрэг ус тогтсон арьсан дээр лосьон, тос зэргийг түрхэхэд арьсанд илүү сайн шингэж, үйлчилгээгээ төгс үзүүлдэг байна. Тиймээс одооноос нүүрээ арчих гэж бүү яар. Зүгээр аясаар нь бага зэрэг хатаагаад шууд л бүтээгдэхүүнээ хэрэглэж байгаарай.

Арьсыг цочроож болзошгүй

Хэрэв та мэдрэмтгий арьстай бол алчуур ашиглах талаар бодох хэрэггүй. Ихэнх алчуурны даавуу нь арьсанд хэтэрхий хатуу ширүүн байдаг тул нүүрээ арчих нь арьсны улайлт, цочролд хүргэдэг.

Арьсыг тослог болгоно

Алчуураар нүүрээ арчиснаар энэ нь арьсанд байх шаардлагатай тосыг авчихдаг тул арьсыг хуурай болгоод орхичихдог. Ингэснээр тос өөхний булчирхай нь хуурайшлыг тэнцвэржүүлэхийн тулд илүү их тос ялгаруулж, улмаар арьсыг хэт тослогжуулна.

Арьсаа хэрхэн алчуур ашиглахгүйгээр хатаах вэ?

  • Нүүрээ угаадаг аргаараа угаана
  • Нүүрээ агаарт хатаана. Алчуур ашиглахгүй, салфетки ашиглахгүй.
  • Дараа нь арьсаа бага зэрэг чийглэг байхад тосоо түрхэнэ.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!