Солонгос сурагч бүрийн орох гэж улайрдаг “SKY” их сургуулиуд

Өмнөд Солонгос улс гэлтгүй дэлхий нийтээр SKY гэх үг алдартай. Энэ нь Солонгос улсын шилдэг их сургуулиуд болох Seoul National University (Сөүлийн Үндэсний Их Сургууль), Korea University (Кореа Их Сургууль), Yonsei University (Ёнсэ Их Сургууль) нарын товчлол юм.

Сурагч бүр тус гурван сургуульд элсэн орохын төлөө өдөр шөнөгүй хичээллэж, төрөл бүрийн сургалт дамжаанд хамрагддаг байна. Эдгээр их сургуулийг төгссөн оюутнууд нэг төрлийн ажил амьдралын баталгаатай болдог бөгөөд карьер болон нийгмийн статусд маш том нөлөө үзүүлдэг. Зөвхөн шилдэг, чанартай боловсон хүчин бэлтгэн гаргадаг тул SKY-ийн үе үеийн төгсөгчид бүх салбарт манлайлан ажилладаг төдийгүй үргэлж дээгүүр албан тушаал хашиж, бусдын хүндэтгэлийг хүлээдэг. Тиймдээ ч SKY бол эцэг эхчүүд хийгээд хүүхдүүдийн мөрөөдөл аж.

SKY-ийг зорилгоо болгож амьдардаг хүүхдүүд асар олон тул тэр хэрээрээ босго өндөртэй. Мэдээж хүссэн хүүхэд бүхэн нь орж чадахгүй бөгөөд тус гурван их сургуульд зөвхөн шилдэг хүүхдүүдийг сонгож авдаг байна. Ингээд хамтдаа SKY их сургуулиудтай танилцацгаая.

“Seoul National University”

1946 онд арван дээд боловсролын байгууллагыг нэгтгэх замаар байгуулагдсан Сөүлийн үндэсний их сургууль нь улсдаа хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Одоо 28,000 оюутан бакалавр, аспирантур, докторын хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд 40 орны 700 гаруй эрдэм шинжилгээний байгууллагуудтай түншлэл, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Сөүлийн үндэсний их сургууль нь БНСУ-ын Сөүл хотын шилдэг улсын их сургууль төдийгүй “QS Global World University Rankings 2021” буюу Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтын 37-т жагсаж байгаа аж..

Сөүлийн Үндэсний Их Сургууль (SNU) нь либерал боловсролын үзэл санааг эрхэмлэн дээдэлдэг бөгөөд оюутнуудад тасралтгүй хөгжих, насан туршдаа суралцаж явах хэрэгтэйг ямагт сануулдаг. Дэлхийн түвшинд өрсөлдөх чадвар бүхий оюутнуудыг бэлтгэн гаргахад зорилт тавин ажиллаж байгаа юм. Тус их сургуулийн төгсөгчид нь Солонгосын засгийн газрын гол албан тушаалыг хашдаг бөгөөд ихэвчлэн нэр хүндтэй ажилд томилогддог байна.

Korea University

Кореа Их Сургуулийг 1905 онд Хатан хааны гэр бүлийн нярав Ли Ян-Ик байгуулсан бөгөөд түүний санаа бодол, алсын хараа нь зөвхөн залуу үеийнхнийг сургах замаар Солонгос улс тусгаар тогтнолоо баталгаажуулж, улс үндэстнийхээ хувьд өсч, цэцэглэн хөгжих явдал байв. Өнөөдөр тус их сургууль нь оюутнуудаа чанартай, сонгосон салбартаа өндөр чадвартай, улс орныхоо хөгжилд өөрийгөө зориулах иргэн болгон төлөвшүүлэхийг эрмэлзэж байна.

Кореа Их Сургуульд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 33,000 гаруй оюутан суралцдаг. Тус их сургууль нь нарийн мэргэжлийн эмнэлэг болох Кореа Их сургуулийн эмнэлгийг ажиллуулж, өвчтөнүүддээ өндөр чанарын эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ирэх жилүүдэд үндэстэн, дэлхий дахинд үйлчлэх оюутан эмч сувилагчдыг бэлтгэн гаргадаг.

Их сургуулийн 182 га талбай бүхий өргөн, өтгөн модтой хотхон нь Сөүлийн төвд Ан-Ам хороололд байрладаг. Оюутны хотхоны архитектур нь Дундад зууны Европ дахь Готик хэв маягаар хийгдсэн бол, сургуулийн анги танхим нь үзэмж сайтай, тав тухтай төдийгүй оюутнуудаа орчин үеийн лаборатороор хангаж өгчээ. 2021 оны байдлаар Дэлхийн шилдэг их сургуулиудын 69-т жагсаж байна.

Yonsei University

Ёнсэ их сургууль нь 1885 онд Солонгост барууны анхны боловсролын байгууллага болон байгуулагдсан бөгөөд Сөүлийн зүрхэнд байрладаг тэргүүлэх сургууль юм. Их сургуулийн эрхэм зорилго бол улс орон төдийгүй дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулах удирдагчдыг бэлтгэн гаргах, дэлхийн хамтын нийгэмлэгийн боловсрол, судалгаа, эмнэлгийн үйлчилгээг нэмэгдүүлэхэд оршино. Өнөөдөр Ёнсэ их сургууль нь бакалавр, магистрын зэрэг бүхий өргөн цар хүрээтэй судалгаа шинжилгээ болон эмнэлгийн байгууламжуудтай бөгөөд дөрвөн кампуст 38,000 гаруй оюутан суралцуулж байна.

Тус их сургууль нь анагаах ухаан, биохими, хүний эрүүл мэнд, инженерчлэл, материал судлал, хими, мэдрэл судлал, хүмүүнлэгийн ба нийгмийн шинжлэх ухааны салбарууд зэрэг эрдэм шинжилгээний бүхий л томоохон салбарт чухал хувь нэмэр оруулдаг. Тогтвортой хөгжлийг дэмжих, цаг уурын өөрчлөлт, ядуурал, тэгш бус байдал зэрэг дэлхийн тулгамдсан асуудлуудад идэвхтэй оролцдог Ёнсэ их сургуулийг сонгон суралцдаг гадаад оюутнууд асар олон. Энэхүү сургууль нь 2021 оны Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтын 85-т бичигдсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!