24 жил хамт амьдарсан орон гэргүй хосуудад гайхалтай хурим хийж өгчээ

50 настай Розалин Феррер, 55 настай Роммель Баско нар нь 24 жилийн өмнө танилцаж, хамт амьдарч эхэлсэн байна. Тэдний хамтын амьдрал Филиппиний Пампанга мужийн гудамжинд эхэлсэн бөгөөд өдгөө тэд 6 хүүхдийн аав ээж болж, эзэнгүй хоосон байшинд амьдардаг аж. Нэг ёсондоо тэд өөрийн гэх орон гэргүй бөгөөд хог түүж, үүнийгээ мөнгө болгож, өдөр хоногийн амьдралаа залгуулдаг.

Тэд хуванцар цуглуулж, Ричард гэх дэлгүүр ажиллуулдаг залуудаг тушаадаг аж. Олон жил тэднээс хуванцар худалдан авч, амьдрахын тулд хэчнээн хичээж байгааг нь нүдээр харж, чадахаараа тусалж ирсэн Ричард хосуудад гайхалтай гэнэтийн бэлэг барихаар шийдсэн байна. Ричард “Тэд хүүхдүүдээ гэдэс цатгалан байлгахын тулд өдөр бүр хичээж амьдарсан. Үүнийг гэрчлэх хүн бол би. Тэдэнд бусад шиг сайхан, хангалуун амьдрах боломж олдоогүй ч, өнөөг хүртэл шударгаар, зөв амьдарч ирсэн. Үүнийхээ шагналыг заавал хүртэх ёстой гэж боддог. Тиймээс найзуудтайгаа нийлж, тэдэнд гэнэтийн бэлэг барихыг хүссэн юм. Амьдралдаа хурим гэж зүйлийг хийх нь бүү хэл, мөрөөдөж зүрхэлдэггүй тэдэнд гоёмсог хурим хийж өгөхийг хичээсэн” хэмээжээ.

Тэдэнд тохирох гоёлын хувцсыг түрээсэлж, гоо сайханд оруулж амраагаад, хуримын зураг авалт хийсэн байна. Ингэхдээ тэдний өдөр бүрийг өнгөрүүлдэг гудамж, талбай, гэрийн ойролцоо зургууд авч, гоёмсог гэгч нь угаалгаад жаазалж өгсөн аж.

Үүнээс гадна тэдэнд хэзээ ч мартагдашгүй хуримын үдэшлэг хүртэл зохион байгуулж өгчээ. Хүүхдүүд нь ч мөн ёслолд зориулж сайхан хувцаслаж, аав ээжтэйгээ хамт зүүдэлж ч байгаагүй тэр гайхалтай баярыг хамтдаа тэмдэглэжээ.

Хосууд энэ талаар “Үнэндээ тийм зүйлийг мөрөөдөж ч чаддаггүй байсан. Өнөөдөр юу идэх үү, маргааш яаж мөнгө олохуу гэх бодлоос хэтэрдэггүй. Энэ олон жил өсч дэвжиж чадалгүй энэ хэвээрээ амьдарч ирсэн арчаагүй хүмүүс л дээ. Гэтэл бидний үнэнч шударга байдал, бусдад чадахаараа тусалж ирсэн минь эргээд ингээд ирж байгаад маш их баяртай байна. Ийм сайхан зүйлийг энэ насандаа үзэж чадсандаа дэндүү их баярлаж, дэндүү жаргалтай байгаа. Хүмүүс биднийг ингэж хүндэлж хайрлаж байхад бид илүү хичээх ёстой юм байна. Илүү сайхныг хүртэж амьдрахын тулд бүр илүү хичээх ёстойг л илүү их ойлголоо” хэмээн нулимс дуслуулан ярьжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!