Гал тогоонд тарьж ургуулж болох хоол амтлагч ургамлууд

Сүүлийн үед манай гэрийн эзэгтэй нар гэртээ бүхнийг бэлтгэж, өөрийн гараар талх, нарийн боов тэр бүү хэл бяслаг хүртэл хийх болсон. Мэдээж шинэхэн, эрүүл хүнсийг хайртай дотны хүмүүстээ өгөхийг хүсдэг эзэгтэй нарын хувьд энэ нь байх л зүйл. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ онцгойлон хоолны амтлагч ургамалуудыг гал тогоондоо тарьж ургуулах талаар мэдээлэл өгөхөөр бэлтгэлээ.

Кориандр

Кориандрын хувьд хүчиллэгтэй хөнгөн хөрс хамгийн тохиромжтой байдаг. Та цэцгийн саванд үрээ эгнүүлэн тарих хэрэгтэй бөгөөд байнга усалж байх нь чухал юм. Кориандрын суулгацыг тарьснаас хойш хоёр долоо хоногийн дараа гарч ирдэг.

Гоньд

Гэртээ гоньд тарихдаа энэхүү ургамал нь наранд дуртай гэдгийг санаарай. Мөн тогтмол услах шаардлагатай бөгөөд сард хоёр удаа хөрсөнд нь цогц эрдэс бордоо нэмэхийг зөвлөдөг.

Яншуй

Хөрсөнд суулгахаас нэг хоногийн өмнө яншуйны үрийг усанд хийж хонуулна. Хөрсөө чийглэж, 0.5 см-ээс ихгүй нүх гаргаж, үрээ суулгах бөгөөд дээр нь хөрсөөр булаарай. Үүнийгээ харанхуй газар тавьж, өдөр бүр усална. Навч цухуйж эхлэхэд, савтай ургамалаа нар тусах газар, цонхны тавцан дээр тавих хэрэгтэй.

Розмарин

Розмариний үрийг чийгтэй хөрсөнд 15 см орчим гүнд суулгаад, жижиг саванд тарихыг зөвлөдөг. Нэг сар орчмын дараа навч цухуйна. Хөрсийг чийгтэй байлгах нь чухал бөгөөд ургамалдаа үе үе цэвэр агаар өгч байх хэрэгтэйг санаарай.

Ганга

Танд 15 см өндөртэй жижиг сав хэрэгтэй. Хөрсийг чийгшүүлсний дараа хэд хэдэн үр суулгана. Үүнийгээ 1 см орчим хөрсөөр хучна. Эхний суулгац үрслэхээс өмнө хөрсний дээд давхаргыг хатааж болохгүй. Кориандраас ялгаатай нь Ганга нь дунд зэргийн услагаа шаарддаг.

Орегано

Энэхүү ургамалд нарны гэрэл хамгийн чухал. Тиймээс нар сайн тусах газар байрлуулаарай. Хөрсөндөө 0.5 см гүнд нүх гаргаж, үрээ суулгана. Ореганог үрсэлж эхэлж байхад өдөрт 3-4 удаа услах хэрэгтэй бол, том хэмжээтэй болоод ирэхэд өдөрт нэг удаа услахад хангалттай байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!