Алдартнуудын хүүхэд асрагч нарт тавигддаг хачирхалтай шаардлагууд

Өөрийн сонсох үзэх дуртай шүтэн биширдэг дуучин, жүжигчин, алдартны хүүхдийг асарч, үргэлж хажууд нь байна гэхээр нэг бодлын мөрөөдөл мэт санагдана. Алдартныг дагаж, хамаг л гоё, үнэтэй газруудаар аялж зугаалж, ажлахын хажуугаар олон зүйлийг үзэж харах давуу талтай. Гэхдээ энэ ажил энд бичсэн шиг энгийн, амар хялбар бус. Чухам яагаад гэдгийг хамтдаа олж мэдэцгээе.

Туршлагатай байх ёстой

Холливуудад хүүхэд асрагч авахын тулд хамгийн түрүүнд хардаг зүйл бол туршлага. Мөн тухайн хүн +35 настай байх ёстой. Хангалттай сурч боловсорсон, хүүхэдтэй харилцах туршлагатай, үүрэг даалгавараа ухамсарласан, өндөр соёлтой, итгэл даахуйц эмэгтэйг хүүхэд асрагчаар авдаг байна. Мэдээж хэн ч байлаа гэсэн хүүхдээ даатгах хүнээ маш сайн судлах нь гарцаагүй. Жүжигчин Анжелина Жолигийн хүүхэд асрагчийн тухайд бакалаврын зэрэгтэй, 2-оос дээш хэлээр чөлөөтэй ярьдаг аж.

Үргэлж бэлэн байх ёстой

Холливудын хүүхэд асрагч нарт хувийн амьдрал байх боломжгүй болж ирдэг. Тэд хүүхдүүдийн аав ээжийг дуудсан цагт гэрт нь ирэх, эсвэл бүр гэрт нь байрлаж амьдрах шаардлагатай болно. Мөн ямар ч татгалзал, тайлбаргүйгээр хүссэн газар руу нь хэдэн хоног, сараар ч хамаагүй дагаж явна. Нэг ёсондоо тэд цаг ямагт бэлэн байх ёстой.

Онцгой даалгавар биелүүлнэ

Хүүхэд асрагч гэхээр зөвхөн хүүхдийг харж хандаж, хүмүүжүүлж, хооллох үүрэгтэй биш. Үүн дээр нэмэгдэж, гэрийн эзэгтэй болон эзний өгөх даалгаварууд гарч ирнэ. Жүжигчин Сара Жессика Паркерийн тухайд хүүхэд асрагчаа хүүхдийнх нь хэрэглэж буй бүхнийг хянаж байхыг хүсдэг байна. Хүүхдийн хэрэглэдэг шүршүүрийн саван, шампунь, тос зэргийг онцгойлон анхаарч, арьсанд нь тохирох бүтээгдэхүүнийг судалж туршиж үзсэний эцэст сонгохыг үүрэг болгодог гэнэ.

Папарациуд ирэхэд зугтахад бэлэн байх

Оддын амьдралын салшгүй нэг хэсэг бол папараци. Тэднийг хаана ч явсан гэрэл зурагчид дагаж, амар тайван байлгахгүй. Харин энэ төвөгтэй байдал хүүхэд асрагч нарт ч нөлөөлнө. Хүүхэд салхилуулж гадуур явахад хүртэл зургийг нь авах гэхчлэн асуудал тулгарах учраас папараци харвал зугтахад бэлэн байх ёстой аж.

Гар утас ашиглаж болохгүй 

Алдартан бүр хөлсөлж ажиллуулах болсон хүүхэд асрагчдаа тодорхой шаардлага тавьдаг. Ким Кардашьяны тухайд тэднийх 6 хүүхэд асрагчтай. Хүүхэд асрагчдыг ажлын цагаар гар утсаа ашиглахыг хориглодог бөгөөд бүх анхаарлаа зөвхөн хүүхдэд төвлөрүүлэхийг шаарддаг. Хэрэв гар утас ашиглаж байгаад баригдвал халагдах хэмжээний асуудал үүсдэг байна.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!