Төрөл бүрийн сурталчилгаа, учраа мэдэхгүй хүмүүсийн зөвлөгөөнд автаж, бидний арьсаа арчлахдаа гаргадаг алдаанууд

Арьс арчилгаа бол гоо үзэсгэлэнгийн үндэс суурь. Арьсаа сайхан болгохыг өөрийн зорилгоо болгож, өдөр бүр тодорхой хэмжээний цаг завыг зарцуулдаг бүсгүйчүүд олон. Гэхдээ зөв бүтээгдэхүүнээ зөв хэрэглэхгүй бол таны хүчин чармайлт хий хоосон зүйл болж замхрах аюултай. Иймд өнөөдөр та бүхэндээ ихэнх бүсгүйчүүдийн өнөөг хүртэл буруу хэрэглэсээр ирсэн арьс арчилгааны бүтээгдэхүүн болон эдгээрийг хэрхэн зөв хэрэглэх талаар заавар зөвлөгөө өгөхөөр бэлтгэлээ.

Зовхины маск

Зовхины маск нь зовхийг чийгшүүлж, үрчлээсээс сэргийлэх төдийгүй багасгах үйлчилгээтэй. Мөн энэ нь хавдаж, хөхөрсөн зовхийг амраах давхар үүрэгтэй билээ. Харин үүнийг хэрэглэхдээ анхаарах ёстой хэдэн зүйлс бий.

  • Маскаа гараараа барьж авч болохгүй. Таны гарт наалдсан бактери савтай масканд үлдэж, тэр чигтээ бохирдуулж орхино. Тиймээс зориулалтын халбагаар нь маскаа авч, зовхин дээрээ тавиарай.
  • Зовхины маскыг хэтэрхий удаан тавьж болохгүй. 15-20 минут байлгаад авах ёстойг санаарай. Үүнээс илүү удаавал тус маск нь таны зовхийг чийгшүүлэх бус, харин ч чийгийг нь булааж авна.
  • Зарим хүмүүс зовхины маскыг хөргөгчинд хадгалдаг хэмээдэг. Гэвч энэ нь тийм ч зөв зүйтэй арга биш. Үнэхээр маскаа хөргөж хүйтэн болгож хэрэглэмээр байвал, хэрэглэхээс өмнө 20 минут хөргөгчинд байлгахад хангалттай.

Нүүрний тос

Нүүрний чийгшүүлэх тос түрхэхэд хэмжээ маш чухал. Ямар ч төрлийн арьстай хүн байлаа гэсэн 1 вандуйтай тэнцэхүйц хэмжээний тосыг нүүрэндээ түрхэхэд хангалттай гэж үздэг. Мөн нүүрний Т хэсгээр арай нимгэн түрхэж, үрчлээс гүн тогтсон, хуурайшилт явагдаад байгаа хэсэгт зузаан түрхэнэ. Тосыг ингэж тохируулж түрхээгүйн улмаас арьс хэт тослогтож, батга гарах, нүхжилт үүсэх гэх мэт асуудал гарч ирдэг.

Шавар маск

Сурталчилгаан дээр шавар маск түрхээд, хатсаны дараа угаадаг. Гэвч энэ нь тун ч буруу юм. Шавар нь арьсны чийгийг өөртөө сорж аван, арьсыг хуурайшуулж, цаашлаад үрчлээс үүсэх үндэс суурь болох нь бий. Харин шавар маск түрхсэн тохиолдолд, 10 минут болоод буюу шаврыг хатахаас өмнө угааж арилгах хэрэгтэй. Ингэснээр илүү үр дүнг хүртэх юм.

Салфеткан маск

Салфеткан маск хэрэглэдэг хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаа бол нүүрээ маскаа зориулж бэлтгэдэггүй. Тус төрлийн маскийг нүүрэндээ тавихаас өмнө нүүрээ угааж цэвэрлэсэн байх шаардлагатай төдийгүй угаасны дараа тоник, серум түрхэж арьсаа бэлтгэнэ. Ингэснээр таны арьс маскны өгөх гээд байгаа тэр бүх шим тэжээл, ашиг тусыг бүрэн гүйцэт авч чадна.

Мөн салфеткан маскыг нүүрэндээ 15-20 минутаас удаан тавьж болохгүй. Маскаа авсны дараа нүүрээ угааж, илүүдэл тосыг авна.

Нүүр цэвэрлэгээ

Арьсны төрлөөс хамаарч цэвэрлэгээ өөр өөр байна. Тослог арьстай хүмүүс өдөр бүхэн шахуу арьсаа гуужуулж цэвэрлэдэг. Гэвч энэ нь буруу юм. Өдөр бүр арьсаа скрабдах нь арьсыг гэмтээж, үрэвсэл батга үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна. Тиймээс долоо хоногт 2-3 удаа л арьсаа гуужуулахад хангалттай бөгөөд үргэлж зөөлөн хөөсөөр угааж байх хэрэгтэй. Хэтэрхий хурц орцтой цэвэрлэгээний бүтээгдэхүүнээс татгалз.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!