Солонгосын баячуудын дүүрэг гэгддэг Ганнам ямар байдаг вэ?

2012 онд PSY-ийн гаргасан “Gangnam Style” дуу хит болж, дэлхий нийтээр улс орноо төдийгүй Ганнам дүүргийг суртчилаад амжсан. Тэр цагаас хойш хүмүүс Ганнам гэсэн үгийн учрыг ойлгох гэж, Ганнамд чухам ямар хүмүүс амьдардаг, ямар газар болохыг мэдэхийг хүссээр ирсэн билээ.

Энэ дүүрэг нь Google, IBM, Тоёота зэрэг дэлхийн хамгийн хүчирхэг компаниудын эдийн засгийн зангилаа болдог бөгөөд тус дүүрэгт байр, байшин түрээслэх барьцаа мөнгө нь дундаж солонгос хүний хувьд 10 жилийн цалинтай тэнцдэг. Нэг ёсондоо Ганнам дүүрэг нь Солонгосын “Beverly Hills” юм.Тэгвэл одоо хамтдаа баячуудын дүүрэг гэгддэг Ганнамаар аялцгаая.

Ганнамын Апгужон Родео гудамжнаас аяллаа эхлүүлцгээе. Лос Анжелесийн Родео Драйвтай ижил төстэй байдлаар нэрлэгдсэн энэхүү гудамж нь тансаг зэрэглэлийн брэнд дэлгүүрүүдээр дүүрэн.

Ганнамд мөнгөтэй байхаас илүү үл хөдлөх хөрөнгөтэй байхыг хүмүүс эрмэлздэг. Учир нь тус дүүрэгт үл хөдлөхтэй байх нь тухайн хүний нэр хүндийн баталгаа болдог байна.

Мерседес, Ауди, Масерати, Тесла, Ренж Ровер зэрэг барууны тансаг брэндийн машинууд гудамж бүрт хажуугаар зөрөн өнгөрөх нь аргагүй баячуудын дүүрэг юм даа гэх бодлыг эрхгүй төрүүлнэ.

Гоо сайхны мэс засал нь Солонгосын соёлын асар том хэсэг билээ. Ялангуяа Ганнам нь гоо сайхны мэс ажилбараар алдартай бөгөөд зөвхөн тус дүүрэгт гэхэд 500 гаруй гоо сайхны эмнэлэг байдаг.

Апгужон Родео гудамжнаас доош уруудан, зам дагуу Солонгос улсын хамгийн алдартай, тансаг худалдааны төв болох “Galleria” их дэлгүүр байрладаг. Хамгийн тансаг, хамгийн үнэтэй хувцас, эдлэл хэрэгслүүд энд худалдаалагдах бөгөөд “Louis Vuitton”, “Gucci”, “Prada” брэндүүдийн шилмэл загварууд өрөөтэй байх аж.

“Galleria” их дэлгүүр дотор “Gourmet 494” байрладаг. Энэ бол хүн бүрийг үйлчлүүлж болох дундаж хоолны газар биш юм. Ази төдийгүй дэлхийн өнцөг булан бүрийн тансаг хоолоор үйлчилдэг дээд зэрэглэлийн “food court” аж.

“Galleria” их дэлгүүрийн хажууд Солонгосын хамгийн алдартай гудамжуудын нэг болох Чондамын загварын гудамж байдаг. Гудамж тэр чигээрээ Cartier, Louis Vuitton гэх мэт fashion house-уудаар өнгө төрхөө бүрдүүлдэг байна.

Энэхүү гудамжийг мөн K-Star Road гэж нэрлэдэг бөгөөд учир нь солонгосын хамгийн том энтертайнмент компаниуд болох SM, JYP, Cube Entertainment-ууд байрладаг аж.

Өөрсдийн дуртай айдолоо харах гэсэн фенүүд өдрийн турш энтертайнментийн хаалгыг сахиж суух нь хэвийн үзэгдэл гэсэн шүү.

Алдартай Солонгос драмануудын зураг авалт хийгддэг газрууд Ганнамаар дүүрэн гэж болно. Тиймдээ ч кинонд дурлагчид Солонгост ирсэн даруйдаа Ганнамыг зорьж, зураг авалт хийгдсэн газруудыг сонирхдог.

Ингээд Ганнамыг тойрч явсаар JYP энтертайнментийн үүдэнд ирлээ. Мөн л гадаа нь фенүүд нь овоорчихсон, хэн нэгнийг гарч ирэхийг хүлээж буй мэт догдлон зогсоно.

Ганнамын шөнийн амьдралын талаар дуулаагүй бол та ч хоцрогджээ. Хамгийн галзуу оройг энд өнгөрүүлж болно. Өнгөлөг, цоглог залуусаар дүүрэн цэнгээний газрууд хором ч уйдаахгүй хөгжөөж, үүр цайтал бүжицгээнэ.

Хаашаа ч харсан тансаг ресторан, кафенууд нүд хужирлана. Гадаад засал, интерьер классик хийгээд чамин харагдах бөгөөд аргагүй л их хэмжээний мөнгө зарсан нь илт.

Ганнам дүүргийн хамгийн их таалагдсан зүйл бол цэцэрлэгт хүрээлэнгүүд. Чондамын цэцэрлэгт хүрээлэн нь хөл хөдөлгөөн ихтэй Ганнамаас хэсэгхэн холдож, амар амгаланг мэдрэхэд туслана. Цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж явахдаа баячууд яагаад энд амьдрах гэж тэгтлээ хүсдэгийг та ойлгох болно.

Чондамын цэцэрлэгт хүрээлэн нь амрах, ууланд алхах, тайван унтах, спортор хичээллэх, агаарын теннис тоглох, цайлж суух гэх мэтээр таныг бөөцийлнө.

Эргэн тойронд эрээлжлэх үнэтэй машинууд, тансаг харшууд аргагүй л баячуудын дүүрэгт иржээ гэдгийг сануулах шиг. Ингээд энэ удаагийн аялал маань дууслаа. Та дараагийн удаа өөрийн биеэр Ганнамд очиж, тойрон аялал хийгээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!