Ариана Гранде дуу гаргахаас гадна өөр ямар арга замаар мөнгө олдог вэ?

Хамгийн амжилттай яваа, хамгийн алдартай, хамгийн чанартай бүтээлүүд туурвидаг эмэгтэй дуучин гэвэл хүмүүс дуу нэгтэйгээр Ариана Грандег нэрлэх болов уу. Өдрөөс өдөрт улам бүр алдаршиж буй түүний гаргасан дуу бүхэн нь амжилт дагуулж, дэлхий даяар шүтэн бишрэгчдийнхээ тоог нэмэгдүүлсээр байгаа. Тэгвэл өнөөдөр хамтдаа түүний хөрөнгө, орлого, хаанаас хэр их хэмжээний орлого олдог талаар мэдээлэлтэй танилцъя. 27 настай дуучин бүсгүйн одоогийн хөрөнгө нь 180 сая доллар хэмээн бүртгэгдсэн байдаг.

“Victorious” киноны дүр 

Ариана нь дуучны карьераа эхлүүлэхээс өмнө “Victorious” цувралд дүр бүтээж, жилд 9000 долларын цалин авч байжээ. Тус цуврал нь хийгдэх тусам хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, өсвөр насны хүүхдүүдийн үзэх дуртай кино болж хувирсан төдийгүй “Шилдэг цуврал” шагналыг ч хүртэж байсан. 4 улирал, 57 ангид тоглосноор Ариана нь нийтдээ 513,000 орчим долларыг тус цувралаас авсан байна.

Аялан тоглолт

Арианагийн хөрөнгө чинээг хамгийн ихээр өсгөж өгсөн зүйл бол яах аргагүй аялан тоглолт. Түүний 2017 онд хийсэн “Dangerous Woman” аялан тоглолт таван тивийг хамарсан бөгөөд ердөө долоон сарын дотор 71 сая долларын орлого олжээ. Мөн 2015 онд түүний хийсэн “Honeymoon” аялан тоглолт 8 сарын хугацаанд 40 сая доллар, 2019 онд хийсэн “Sweetener” дэлхийг тойрсон аялан тоглолт нь 146 сая долларын ашиг олсон аж.

Дуу хөгжим болон сошиал медиа

Мэдээжийн хэрэг хөгжим бол Арианагийн орлогын гол эх үүсвэр бөгөөд жил бүр олон сая орлого олдог. Түүний шилдэг хит дуунууд болох “Thank you, Next”, “Side to Side” зэрэг нь “Harpers Bazaar” -ын мэдээлснээр 2018 оны байдлаар 29.5 сая доллар олжээ.  Гранде мөн Spotify, Apple Music-ээс хөрөнгө босгож, YouTube, Instagram зэрэг нийгмийн сүлжээний платформ дээрээ төлбөртэй кампанит ажил хийдэг.

Брэндүүдтэй байгуулсан томоохон гэрээ

Дуучин бүсгүй нь Givenchy, Reebok, Guess, MAC, Starbucks, Fiat, Samsung зэрэг томоохон брэндүүдийн нүүр царайгаар ажилладаг бөгөөд багагүй мөнгөн дүнтэй гэрээ байгуулсан байдаг.

“Coachella”

Coachella бол бүх цаг үеийн хамгийн том концертын арга хэмжээ гэдгээрээ алдартай. Калифорниа мужийн Индио хотод байрлах Empire Polo клубт жил бүр зохион байгуулагддаг энэхүү томоохон наадмын тасалбар нь маш өндөр үнэтэй. Хүмүүс хэдэн өдрийн турш дэлхийн алдартай уран бүтээлчдийг амьдаар харж сонсож, ёстой л хөгжилдөж чаддаг. Энэхүү наадамд хамгийн алдартай гэх, хүмүүсийн хамгийн ихээр сонсохыг хүсч буй уран бүтээлчид оролцдог тул Ариана очих нь гарцаагүй. Тэрээр зөвхөн энэ наадамд оролцоод л 8 сая доллар олсон байдаг.

Үнэртэн, сүрчиг

Олон алдартнууд өөрийн нэрийн сүрчиг гаргадаг бөгөөд шүтэн бишрэгчид нь тэдэнтэй адилхан үнэртэй байхын тулд сүрчгийг нь ихээр худалдаж авдаг. Ариана ч мөн LUXE-тэй хамтран цуврал сүрчиг гаргаж эхэлсэн даруйд хүмүүс маш ихээр сонирхож, амжилттай ажилласан. 2015 онд Ari нэртэй сүрчиг гаргаж байсан бол, ердөө жилийн дараа тэрээр Sweet Like Candy хэмээх хоёр дахь үнэртэнээ гаргажээ. Үүний дараахан 2017 онд Moonlight, 2018 онд Cloud, 2019 онд Thank U зэрэг үнэртэнг гаргасан байна. Ариана Гранде зөвхөн сүрчигний борлуулалтаар үнэмлэхүй их хөрөнгө босгож, зөвхөн эхний 2 жилд 150 сая гаруй доллар олжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!