Бүтэн жилийн турш ганц ч хувцас худалдаж авалгүй амьдарсан бүсгүй өөрийн түүхээ хуваалцжээ

Шүүгээ дүүрэн хувцас байх боловч шүүгээд ч болов тэндээс өмсөх юм олдохгүй бухимдал төрүүлнэ. Ийм асуудал манай бүсгүйчүүдэд маш түгээмэл тохиолддог. Харин энэхүү асуудлаас гарахад туслах арга бол хувцсаа цөөлөх юм. Нэмэх биш, харин ч цөөлнө гэхээр утгагүй санагдаж магадгүй. Гэхдээ энэ нь үнэхээр үр дүнтэй арга болохыг олон бүсгүйчүүд баталжээ. Өнөөдөр та бүхэндээ бүтэн жилийн хугацаанд шинэ хувцас огт нэмж авахгүйгээр, хувцас сонгох гэх толгой өвтгөсөн асуудлаас гарч чадсан бүсгүйн түүхийг хуваалцаж байна.

Намайг Саша гэдэг. Би жилийн өмнөөс шинэ хувцас худалдаж авахаа больсон. Өмнө нь би бусад бүсгүйчүүд шиг л шүүгээ дүүрэн хувцастай, гарах бүртээ л дэлгүүрээс өмсөх өмсөхгүй олон хувцас авдаг байсан.

Нэг удаа найзуудтайгаа уулзахаар болсон юм. Удаан уулзаагүй болохоор гоё хувцаслах хэрэгтэй, өмнө нь өмсөж байгаагүй хувцсаа ч өмсөх хэрэгтэй. Гэсэн ч би хувцасны шүүгээгээ яаж ч ухсан өмсөх хувцас олдоогүй. Маш их уур хүрч бухимдаж, эцэстээ хоцрох шахсан учир шууд л жинсэн өмд, футволк өмсөөд гарсан юм. Харин азаар найзууд маань ч бас над шиг л хувцасласан байсан тул санаа амарч тайвширсан.

Би аав ээжтэйгээ хамт амьдардаг байсан тул өөрийн гэсэн өрөөтэй, өрөөндөө том хувцасны шүүгээтэй байсан юм. Шүүгээ дүүрэн хувцас, үнэхээр өмсдөг хувцас тэр дотор байхгүй. Тиймээс ажиллаж олсон мөнгөнийхөө талыг зөвхөн хувцас хунарт зарцуулдаг байлаа.

Харин удаан хугацаанд үерхсэн найз залуутайгаа хамт амьдрахаар болж, жижигхэн байранд нүүж оров. Хамгийн сонирхолтой нь тэр байрны хувцасны шүүгээ их жижигхэн, бас найз залуутайгаа хамт хувааж хэрэглэх ёстой болсон.

Ингээд л хүссэн хүсээгүй би хувцаснуудаа цэгцэлж, өмсөхгүй хэрэггүй гэснээ ялгаж, зөвхөн өмсөх хэдхэн хувцастай болж үлдсэн. Энэ боломжийг ашиглаад мөнгөө ч хэмнэж, бүтэн жил хувцас худалдаж авахгүй байх чалленжийг өөртөө зарласан юм.

Шийдвэр гаргасан цагаас эхлэн үнэндээ хувцас худалдаж авья гээд ч санхүүгийн боломж байгаагүй. Байрны түрээс, ахуйн зардал, хоол хүнс гээд л бидний олсон хэдэн цаас тэр дороо дуусчихдаг байсан. Удалгүй найз залуу маань ч давгүй цалинтай ажилд орж, бид хоёрын амьдрал дээшилсэн. Харин тэр үед шинэ хувцас авна гэдэг надад сонин санагдахаа больчихсон байсан. Байнга өмсдөг хэдэн хувцастай, өглөө ажилдаа гарахдаа бодож санах, стрессдэх зүйлгүй нөгөө хэдээ сольж өмсөнө. Илүү их цаг, мөнгө, бас стресс хэмнэж, би өөрийгөө нэг том зүйлээс чөлөөлчих шиг болсон.

Нэгэнт хувцсанд мөнгө үрэхээ больчихсон болохоор тэр хэмнэсэн мөнгөөрөө аялалд явж, бид олон гайхалтай дурсамж бүтээсэн. Харин энэ бол жилийн дараа өөртөө авсан ганц хувцас маань: хуримын даашинз. Бид бүтэн жилийн турш хэн хэн нь хувцас, эдлэл гэх мэтчилэн хэрэггүй зүйлсэд мөнгөө үрэхгүйгээр хэмнэж чадсанаар хуримаа хийж чадах хэмжээний мөнгөний хадгаламжтай болсон. Цаашдаа ч энэ хэмнэлээрээ цөөн хэдэн хувцастай, эд мөнгөнд шунахгүйгээр, илүү том зорилго тавьж, аз жаргалтай амьдарч чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!