Гэрлэлтээ аз жаргалтай хэвээр удаан хугацаанд хадгалахын тулд хосуудын хийх ёстой 7 зүйл

Хосуудын хамгийн том зорилго бол хамтдаа удаан аз жаргалтай амьдрах. Харин тус зорилгоо биелүүлэхийн тулд зайлшгүй хийх шаардлагатай хэдэн зүйлс байх аж. Шууд л сэтгэл хөдлөлдөө авталгүйгээр, гэр бүлийн амьдралаа цэгцтэй болгож ирснээр маш олон асуудал шийдэгдэж, хосуудын хооронд үүсэх хэрүүл маргаан ч багасна. Жаргалтай хосуудын нууцуудыг хамтдаа олж мэдэцгээе.

Хамтдаа хамтын амьдралын төлөвлөгөө, хуваарь гарга

Нэгнийгээ хүлээж, би ингэж байхад чи тэгсэнгүй, би ийм зүйлд дургүй байхад чи үүнийг хийлээ гэхчлэн хэрүүл маргаан үүсгэх сэдэв дуусахгүй олон. Харин үүнээс сэргийлэхийн тулд хамт амьдарч эхлэх үедээ сайтар ярилцаж, төлөвлөгөө хуваарь гаргах хэрэгтэй. Жишээ нь би гэрэлтэйд бас дуу чимээнд унтаж чаддаггүй тул оройн цагаар ажил хийхээр бол өөр өрөөнд хийх, харин оронд нь би өглөө эрт босч өглөөний цай бэлтгэнэ гэхчлэн. Мөн суултуур ашигласны дараа ямагт буулгах зэрэг, жижиг мэт санагдавч маш чухал зүйлсийг заавал ярилцаж, харилцан тохиролцох хэрэгтэй. Үүнээс гадна долоо хоног бүрийн нэг өдөр хамтдаа өдрийг өнгөрөөх, сардаа нэг удаа гадуур хооллох, сардаа нэг удаа салхинд гарах гэхчлэн бүхнийг баттай болгоорой.

Гэрийн ажлыг хувааж хийх

Хосуудын харилцааг бат бөх болгодог өөр нэгэн зүйл бол гэрийн ажлыг хамтдаа хийх юм. Юу хийж чаддаг, цаг зав нь хэрхэн таарч байгаагаас хамаарч эхнэр нөхөр хоёр ажлуудаа хувааж авах хэрэгтэй. Ингэснээр хэн хэн нь сэтгэл хангалуун үлдэнэ.

Мөнгөний талаар ярилц

Гэрийн ажлаа хуваадагтай адил мөнгөний зарцуулалтаа ч хувааж байх хэрэгтэй. Хоёулаа ажил хийдэг бол авдаг цалингаас нь хамаарч, нэг нь ахуйн хэрэглээний зардал даах бол, нөгөөх нь хоол хүнсээ базаах гэхчлэн зардлаа хувааж байгаарай. Мөн мөнгөний талаар нээлттэй ярилцаж, дундын хуримтлал болох, ирээдүйн зорилгодоо зориулж мөнгө хадгалах гэхчлэн олон зүйлсийг сэдэж болно.

Нэгнийхээ хэцүү зуршлыг шийдвэрлэх арга олох

Хүн бүрт бусдын дургүйг хүргэх жижигхэн ч хамаагүй зуршил байдаг. Нэгэнт л тэгж амьдраад ирсэн тул засахад маш хэцүү ч гэлээ, хамтран амьдрагч нь үүнийг нь өөрчлөх аргыг олох хэрэгтэй. Бага багаар, аажим аажмаар хамтдаа хичээснээр ямар ч буруу зуршлыг засч болно.

Хамтдаа хийдэг ижил зүйлтэй болох

Хамтдаа хийдэг ямар нэгэн зүйлтэй болоорой. Хамтдаа кино үздэг, хамтдаа дугуй унадаг, хамт ном уншдаг, хамт ууланд авирдаг, хамт дэглэм барьдаг гээд л юу ч байж болох. Хэн хэн нь сонирхож дурлах тийм зүйлийг олж, хамт заавал хийж байгаарай. Энэ нь хосуудын харилцааг аз жаргалтай байлгах маш том түлхүүр.

Ганцаараа байх цагийг гаргаж өгөх

Хосууд гэхээр л цаг минут тутамд хамт байх хэрэгтэй гэсэн үг биш. Харин ч заримдаа тусдаа байж, найз нөхөдтэйгээ уулзаж, гадуур алхаж, ганцаараа суух хэрэгтэй. Ингэснээр илүү эрүүл харилцаа бий болно. Хүн ганцаараа байхдаа өөртөө дүгнэлт хийж, маш олон зүйлсийг эргэцүүлж боддог. Үүний үр дүнд хосуудын харилцаа зөв замаар явах боломжтой болж ирнэ.

Хэн хэндээ цаг өг

Орондоо орж унтахаас өмнө эв зүйгээ олж, эвлэр хэмээдэг. Гэхдээ үүнээс илүүтэй тухайн уурлаж бухимдсан үедээ ярилцах гэж хэрэлдэх шахаж, илүү нэгнийгээ гомдоохоос илүүтэй унтаж амраад өглөө нь ярилцах нь илүү дээр. Энэ хугацаанд хэн хэн нь илүү сайн тунгааж, өөрсдийн буруугаа ч ухамсарладаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!