Жин нэмэхээс айж амттан идэж чадахгүй байгаа бүсгүйчүүддээ зориулсан илчлэг багатай бялууны жор

Хөл хорионд гэртээ суухаар яах аргагүй хөргөгч рүү гүйж, ямар нэгэн амттай зүйл идмээр санагдана. Үүний үр дүнд богино хугацаанд их хэмжээгээр таргалж, ёстой л аргаа барсан бүсгүйчүүд цөөнгүй байгаа болов уу. Тэдгээр бүсгүйчүүддээ зориулж, илчлэг багатай, эрүүл басхүү амттай нэгэн нарийн боовны жорыг танилцуулж байна. Амттай зүйл идмээр санагдаад байвал үүнийг хийж идээрэй.

Орц:

  • Алим – 5 ширхэг
  • Өндөг – 4 ширхэг
  • Овьёос – 200 гр
  • Элсэн чихэр – 50 гр
  • Ванилин сахар – 10 гр
  • Шанцай – 0.5 цайны халбага
  • Кекс хөөлгөгч – 10 гр
  • Чимх давс

Хийх арга:

Овьёосоо блендрээр жижиглэнэ. Саванд өндөг, элсэн чихэр, ванилин сахар, давс, шанцай зэргээ хийж хутгана.

Алимаа жижиглэж хэрчинэ. Хальсыг нь авсан ч болно, хальстай нь хийсэн ч болно. Овьёос, кексний хөөлгөгч хоёроо холиод сайтар хутгаж байгаад, өндөгний зуурмаг руугаа хийгээрэй.

Сайтар хутгаж өтгөн зөөхийрхүү зуурмаг болгоно. Хэвэнд зуурмагны талыг хийж дээрээ нь алимаа тавина.

Алимныхаа дээрээс үлдсэн зуурмагаа тарааж тавьж өгнө. Хүсвэл дээгүүр нь овьёос цацаж болно. 180 хэмд 30 мин жигнэгдээд гарч ирсэн байдал.

Ингээд амттайхан нэг төрлийн бялуу маань бэлэн болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!