Нөхрөө гэртээ орж ирсэн цагаас эхлэн гар утсаа ширтэхийг хориглосон дүрэм гаргасан юм. Харин энэ нь бидний харилцаанд олон өөрчлөлт авчирсан

Гар утасны хэрэглээ хэрээс хэтэрч, гэр бүлийг хол хөндий болгож, хосуудын хайрыг ч хөргөж, хамаг залуу насыг авч одож байна. Судалгаанаас үзэхэд хүн өдөрт 47 удаа утсаа шалгадаг, гар утас хэрэглэдэг хүмүүсийн 87 хувь нь гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгээ хамт байхдаа ч утсаа үзсээр байдаг гэнэ. Тэгвэл хүмүүс гэртээ ирээд утсаа оролдохоо больчихвол хосуудын харилцаанд ямар өөрчлөлт гардаг болохыг хамтдаа мэдэж авцгаая.

Бид нэг нэгэндээ илүү анхаардаг болсон

Манай нөхөр бараг л утасны донтой болчихсон байсан. Машин барьж явахдаа хүртэл утсаа шалгах гээд байж ядна. Үүнээс нь болж бид байнга маргалдаж, сүүлдээ нэгнээ анхаарахаа хүртэл больсон. Гэсэн ч үр хүүхэдтэй хүмүүс хэдийг болтол хөндий харилцаатай явах билээ. Нөхрөөсөө гуйж аргадаж, гэртээ ирсэн цагаас хойш гар утас хэрэглэхээ больцгооё гэх санал гаргасан юм. Энэ цагаас хойш бидний харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Бид хамтдаа хоолоо бэлтгэж, хамт кино үзэж, ярилцаж, илүү их нэгнээ анхаарч, нэгнийгээ сонсдог болсон шүү.

Техник, технологиос хол байх цаг гаргадаг болсон

Бид залуу хосууд. Залуус л болсон хойно утсаа ухна, төрөл бүрийн зүйлс үзнэ, найз нөхөдтэйгээ харилцана. Ингэж явсаар нэг л мэдэхэд бид гадуур хооллож, кино үзэж, зугаалалгүй бүтэн жил болчихсон байсан. Бидний нандин хайр дурлал улам бүр хөрөөд, ёстой л хэзээ ч ийм болохгүй юм шүү гэсэн хүмүүс шигээ хэдийн болчихсоноо анзаарсан. Тэгээд л бид хоёр ярилцаад бямба гараг бүр хамт гадуур хооллоно, ингэхдээ тэр өдөртөө гар утас, компьютер зэргийг ашиглахгүй гэж тохирсон юм. Зөвхөн хоёр биендээ зориулсан өдөр байлгаж, харилцаагаа ч шинэхэн хэвээр хадгалж чадсан даа.

Илүү чанартай, илүү үр дүнтэй цаг хугацааг хамт өнгөрүүлдэг

Унтлагын өрөөндөө гар утас ашиглахгүй, гэртээ ирснээс хойш 1-ээс дээш цаг нөүтбүүкээ ширтэж суухгүй гэх дүрмийг манай гэр бүл баримталдаг. Бид өөрсдөдөө олдсон цаг хугацааг гэр бүлдээ, хоёр биендээ зарцуулахыг хичээдэг болсон. Хамтдаа дугуй унаж, алхаж, гэрээсээ хол байрлах ресторан руу алхаж очоод хоол идэх, амралтын өдрөөр модон дунд суугаад ном уншиж, кофе чанаж уух гэхчлэн бидний харилцааг эрүүл бас аз жаргалтай байлгах зүйлсийг сэдэж хийдэг. Одоо бид хамт амьдраад 10 жилийн нүүрийг үзэж байгаа. Харин сүүлийн 3 жил орчим л яг энэ дүрмээрээ илүү идэвхтэй, амар тайван амьдарч байна.

Бидний харилцаа сайжирсан

Манайх ам бүл 3. Нэг бяцхан гүнжтэй. Би ч тэр, нөхөр маань ч тэр гар утас маш их хэрэглэдэг. Хоолоо идчихээд л хоёр тийшээ хараад утсаа ухаад суучихдаг хүмүүс л дээ. Харин энэ нь охинд маань яаж нөлөөлж байгааг сүүлд анзаарсан юм. Нөхөр бид хоёрын харилцаа ч хүүхэд, хоолноос хэтрэхээ больж, хүүхэд маань ч хүртэх ёстой анхаарал, халамжаа авч чадахгүй байсан. Энэ нь бидэнд асуудал байгааг илтгэж, нөхөртэйгээ ярилцаж гэр бүлийн сэтгэлзүйчид хандсан юм. Бид маш олон зүйлийг сурч авсан. Одоо бидний хэн хэн нь хоолны үеэр утсаа оролдоггүй, нэг нь юм ярьж байхад нөгөө нь заавал анхааралтай сонсоно. Хүүхдэдээ цаг гаргаж, гар утас хэрэглэхийг хориглосон цаг гэж хүртэл гаргасан. Энэ нь биднийг одоо л жинхэнэ утгаараа гэр бүл болгож байгаа.

Нэгэндээ илүү нээлттэй бас шударга ярилцдаг болсон

Хүн хөдөлж байх хэрэгтэй юм байна лээ. Илүү идэвхтэй зүйлсийг хийж эхэлснээр гар утасны хэрэглээ ч аяндаа багасдаг болохыг ойлгосон. Тийм болохоор гэр бүлээрээ амралтын өдөр бүр салхинд гарч, ойр зуур дугуй унаж, орой хоолоо шингээхээр хамт алхаж, гэрийн ажлаа ч хамт хийж эхэлсэн. Ингэснээр бид илүү нээлттэй болж, илүү гар нийлж, ёстой л жинхэнэ утгаараа зөв хэмнэлдээ орсон.

Бие биенийхээ хэрэгцээнд анхаарал төвлөрүүлэх болсон

Найз залуутайгаа чухал зүйлсийн талаар ярихад тэр намайг сонсдоггүй. Эсвэл сонссон царай гаргачхаад утсаа ухсаар л байдаг. Энэ нь миний тэвчээрийг барж, бид маргалдаж ярилцаж, эцэстээ хэн нэгэн нь юм ярьж байхад заавал нүд рүү нь хараад, анхааралтай сонсож байя гэх дүрэм гаргасан. Одоо тэр намайг өөртөө нь юм ярихад утсаа тавиад, анхааралтай сонсдог болсон. Энэ нь бидний харилцаанд том дэвшил гаргаж байгаа санагдаж байгаа шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!