Аав ээждээ дэлгэж ярих шаардлагагүй сэдвүүд

Эцэг эхтэйгээ нээлттэй бүх зүйлсээ ярилцдаг хүмүүс байдаг. Энэ нь нэг талаараа зөв, сайн мэт боловч эргээд танд төвөг учруулж мэдэх юм. Таны л амьдрал учраас, таны л гаргах шийдвэр учраас өөрт тохиолдсон бүхнээ, бодож санаж яваа зүйлсээ бүгдийг нь нэг нэгэнгүй аав ээждээ тоочих хэрэггүй. Илүү бие даасан байж, аав ээждээ хэлэх хэрэггүй зүйлс гэж байх аж. Хамтдаа эцэг эхээсээ нууцлах ёстой зүйлсийг мэдэж авцгаая.

Хүүхэд өсгөх заавар зөвлөгөө

Мэдээж ээж ааваасаа хүүхэд өсгөх ерөнхий зааврыг авах нь тодорхой. Гэхдээ үргэлж тэдний хэлсэн заавраар хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ гэдэг байж боломгүй зүйл. Дэлхий ертөнц, нийгэм цаг хугацааны эрхээр өөрчлөгдөж байдаг тул хүүхэд өсгөх арга барил ч бидний аав ээжийн үеийнхээс өөрчлөгдсөн байх нь гарцаагүй. Тиймээс хүүхдээ өсгөх заавар зааварчилгааг аав ээжээсээ авах хэрэггүй. Өөрийгөө илүүтэй боловсруулж, олон зүйлс уншиж мэдэж, гэр бүлийн хүнтэйгээ хамтарч, өөрийн арга барилаар хүүхдээ өсгөх хэрэгтэй.

Нөхөр эсвэл эхнэрийнхээ асуудал

Эхнэр/нөхрийнхөө ажил дээр гарсан асуудал, хувийн асуудал, түүний гэр бүлийн асуудал, эрүүл мэндийн асуудал гэхчлэн нарийн зүйлсийг аав ээждээ хэлэх хэрэггүй. Энэ нь аав ээжийн тань санааг чилээж, хий дэмий төсөөлөл, хэцүү бүхнийг бодож шаналахад хүргэнэ. Мөн гэр бүлийн хүнийхээ хувийн асуудлыг хадмуудад нь ярьсан болохыг мэдвэл нөхөр/эхнэрт тань таатай санагдахгүй нь тодорхой.

Тэдний хэлснээр хийдэггүй тухайгаа

Өөрөө амьдрал зохиосон, шийдвэрийг өөрөө гаргахуйц хэмжээнд очсон нэгэн бол бүх зүйлсэд аав ээжийнхээ үгийг дагах шаардлагагүй. Харин тэдний үгийг дагаагүй, зөвлөгөөг хэрэгжүүлээгүй гэдгээ заавал хэлж, бухимдуулах хэрэггүй дээ. Эвээр ойлгуулах аль эсвэл хэлэхгүй байхад л болох асуудал. Мэдээж ойр зуурын, өдөр тутмын жижиг зүйлсийн талаар ярьж байгаа гэдгийг сануулах нь зүйтэй болов уу.

Амьдралын хэв маяг

Хүн бүрийн амьдралын хэв маяг өөр байдаг. Бид өөртөө тухтай байхаар, өөрийгөө аз жаргалтай байлгахаар амьдарч байгаа шүү дээ. Заавал аав ээжийнхээ санаанд нийцүүлж, тэдний үгээр амьдрах ёстой бус. Харин аав ээжинд тань таалагдах бус амьдралын хэв маягийнхаа талаар тэдэнд заавал хэлээд байх шаардлагагүй.

Намайг хүүхэд байхад тэгдэг байсан гэх гомдлол

Хэн ч төгс биш. Таны эцэг эх ч алдаа гаргаж болно. Хүүхэд насанд тань бараан дурсамж үлдээж, гуниглуулж гомдоосон үеүд ч цөөнгүй байх. Гэлээ гээд үүнийгээ заавал тэдэнд хэлж, шаналгах хэрэггүй. Харин үүний оронд сайн талуудыг нь магтаж, талархаж явдгаа илэрхийлж байгаарай. Тэдэнд таныг шархлуулсан тухай хэлж, шаналгаад шийдэгдэх зүйл юу ч байхгүй. Харин ч эсрэгээрээ харилцаанд ан цав сууж мэдэх юм.

Нөхөр/эхнэртэйгээ муудалцсан тухай

Та нөхөр/эхнэртэйгээ муудалцаад хэд хоногийн дараа эвлэрч, нэгнээ уучилж, эргээд халуун дулаан уур амьсгалтай болно. Харин аав ээждээ нөхөр/эхнэрийнхээ тухай муугаар ярьчихсан бол тэд хэзээ ч мартаж, уучлахгүй. Үргэлж дотор нь нэг бухимдал, хар зүйлс тээгэлдэж амьдрах болно.

Санхүүгийн байдал

Аав ээжээсээ мөнгө хэрхэн зарцуулах талаар санхүүгийн зөвлөгөө авах нь зөв. Гэлээ гээд олсон мөнгөө юунд зарцуулж байгаа тухайгаа нэг бүрчлэн тайлагнах шаардлагагүй. Нас биед хүрсэн, өөрөө ажил орлоготой бол, өөрөө толгой мэдэж зарцуулж байгаарай.

Сэтгэл зүйн асуудал

Таны сэтгэл зүйн асуудлыг хамгийн сайн сонсож, ойлгож, эмчилж чадах хүн бол зөвхөн мэргэжлийн хүн гэдгийг сайтар санах хэрэгтэй. Аав ээждээ энэ тухайгаа ярьж тэдний санааг чилээх шаардлагагүй. Учир нь тэд нэг бол ойлгохгүй, таныг улам бүр буруутгаж мэднэ, аль эсвэл буруу зөвлөгөө өгч таныг улам бүр дордуулж чадна.

Карьер

Өөрийн карьер, ажлаа солих, юу хийхийг хүсч, яаж дэвшин дээшлэх гэхчлэн зүйлсээ заавал аав ээждээ яриад байх шаардлагагүй. Учир нь ихэнх эцэг эх хүүхдээ тогтвортой ажил хийж амьдраасай гэж хүсдэг. Тиймээс эрсдэлтэй шийдвэр гаргахдаа өөртөө л итгэж, заавал аав ээжээсээ зөвшөөрөл авах шаардлагагүй. Таны л амьдрал, таны л карьер учир хариуцлагаа та л хүлээнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!