Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа болон явах гэж байгаа Монголчуудын анхааралд

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв www.seoulcenter.mlsp.gov.mn вэбсайт нээлээ.

Энэ цахим хуудас нь БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдэд цаг үеийн мэдээ мэдээллийг монгол, солонгос хэлээр хүргэнэ.

ХНХЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд хөдөлмөрийн харилцаанд тулгарсан болон нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар сар тутмын статистик мэдээллийг нээлттэй хүргэх юм.

Мөн Монгол Улсын Засгийн газар, яамд, ХНХЯ-ны харьяа газар, агентлагийн цахим холбоос, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгалтай холбоотой Монгол Улсын хуулиуд, Засгийн газрын тогтоол, ХНХ-ын сайдын тушаал зэрэг мэдээллийг нэг дороос авах боломжтой.

Цахим хуудсаар Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авна. Ингэснээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч Монгол Улсын иргэн асуудлаа шийдүүлэхдээ заавал өөрийн биеэр ирэхгүй ХНХҮТ-ийн www.seoulcenter.mlsp.gov.mn вэбсайтын “Өргөдөл илгээх” гэсэн хэсэгт өргөдлийн төрөл, дэлгэрэнгүй агуулгаа оруулж, холбогдох зураг, баримтаа файл хэсэгт хавсаргаад илгээх юм.

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн энэ вэбсайтаас монгол хүний хөгжлийг ахисан түвшинд хүргэх зорилгын хүрээнд бэлтгэдэг “Монгол хүний хөгжил” цуврал подкаст, улирал тутмын “Нэг цэг” сэтгүүлийн цахим хувилбарыг сонирхох боломжтой.

БНСУ гадаадын иргэнд оршин суух хугацаа олгох нөхцлөө шинэчилжээ

БНСУ–ын Хууль зүйн яам “2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Солонгост оршин сууж буй гадаадын иргэнд 1 удаад олгож болох оршин суух хугацааг гадаад паспортын хүчинтэй хугацаа хүртэл хязгаарлах” бодлого хэрэгжүүлэх гэж байгаа ажээ. Өнгөрсөн хугацаанд тус улсын Хууль зүйн яам иргэдэд чирэгдэл учруулахыг багасгах, мөн гадаад паспорт дахин шинээр авах зэрэг хүндрэлийг үүсгэхгүйн тулд гадаад паспортын хүчинтэй хугацааг хамаарахгүйгээр гадаадын иргэдэд оршин суух хугацааг олгож ирсэн байна. Гэвч, гадаад паспортын өөрчлөлтийн талаарх бүртгэл хийлгэхгүй байх зэргээс үүдэж Хилийн шалган нэвтрүүлэх тухай хуулийг зөрчсөн иргэд олширч хилээр нэвтэрсэн болон оршин суугаа байдал зэргийг тодруулахад хүндрэлтэй болж байгаа тул ийнхүү өөрчлөлт оруулахад хүрчээ.

Тухайн өөрчлөлтөөр 2021 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн нэг удаад оршин суух хугацааг олгохдоо гадаад паспортынх нь хүчинтэй хугацааг хүртэл хязгаарлаж өгөхөөр болсон байна. Жишээлбэл, журмын дагуу оршин суух хугацаа нь 2 жилээр сунгагдах байсан ч гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сар үлдсэн бол оршин суух хугацааг 6 сараар сунгах юм. Энэ өөрчлөлт F-5, F-2-4, G-1-6 визтэй иргэдэд хамаарахгүй.

Эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!